Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа
2023.06.23

Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа

Сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл гардууллаа.

Энэ оны хоёрдугаар сард нийт 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан долоон цэцэрлэг, найман сургууль ийнхүү үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авч байна. Ингэснээр нийслэлийн цэцэрлэгүүдийн хүлээн авах хүүхдийн тоо 435, сургуулийн суудлын тоо 1480-аар нэмэгдэж буй.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс боловсролын байгууллагуудыг бодитойгоор дэмжиж, сургалт эрхлэх зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэн ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцлов.

Нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 138 сургууль, 358 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, эдгээр цэцэрлэгт 30338 хүүхэд, ЕБС-д 53603 суралцагч суралцаж байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 23.8 хувь, ЕБС-д суралцагчдын 14.7 хувийг эзэлж буй.