НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл болон дүүргүүдийн төлөөлөл 1000 мод тарилаа
2023.05.14

НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл болон дүүргүүдийн төлөөлөл 1000 мод тарилаа

Хаврын бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Нийслэл болон дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид мод тарилаа. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр иргэд, ААН байгууллагууд, Монголын оюутны холбоо болон төгсөгчдийн холбоо хамтран мод тарьж байна.

Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, ногоон ирээдүйн төлөө мод тарихаар ирсэн иргэддээ талархал илэрхийлье. Модыг тарихаас гадна арчилгаа хамгийн чухал байдаг. Иймд энэ жилээс эхлэн Монгол Улсын Засгийн газраас мод арчилгаанд зориулан 4,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Мод тарих үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжинэ. Иргэд та бүхнийг ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.  

Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Манай зөвлөл 2021 оноос эхлэн хавар, намрын улиралд 1000 мод буюу жилд 2000 мод тарьдаг. Энэ жилийн хувьд дүүргүүдийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран 5000 дахь модоо тарих гэж байна. Бидний тарьсан мод бүр ургаж, нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн хугацаанд тарьсан моднууд 98,5 хувийн амьдралтай ургаж байгаа. Модыг тарьснаас хойш 3 ба түүнээс дээш жилийн хугацаанд манай мэргэжилтнүүд жилийн дөрвөн улиралд арчилж ургуулдаг. Энэ хаврын тариалалтаар 10 төрлийн 10 мянган мод тарьж байна. Мөн энэ намар 10 мянган тарихаар төлөвлөсөн” гэлээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 2009-2020 он хүртэл 11 жилийн хугацаанд 110 мянган мод тарьжээ. Сүүлийн хоёр жилд 150 мянган харандаан мөчир бэлдэн ойжуулалтын хэлбэрээр Туул голын эргийн хамгаалалтад “Ногоон хэрэм” зурвас үүсгэн мод тарилт хийж байгаа аж. Мөн 60 га газрыг нөхөн сэргээн зүлэгжүүлж, 50-60 мянган нэг наст цэцэг арчлан ургуулж, нэг га талбайтай талбайтай мод үржүүлгийн газраа 4 га газар болгон өргөтгөжээ.

Энэ хаврын тариалалтаар 100 гаруй байгууллага, ААН, 3000 гаруй иргэн Голт бор, Өрөл, Далан хайс, Тэхийн шээг, Гүйлс, Буйлс, Агч, Шао хуайс, Улиас, Хайлаас зэрэг 10 төрлийн модыг 13-22-ны өдрүүдэд тарих юм.