2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өргөн барилаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал өнөөдөр өргөн барилаа.
Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт 222 байгууллагад аудит хийж, дүнг тусгажээ. 2022 оны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Тиймээс нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг М.Эрдэнэжаргал онцоллоо. Мөн өнгөрсөн онд нийслэл хот анх удаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах 420 тэрбум төгрөгийн төсвийг баталсан бөгөөд, үүнд аудит хийж дүгнэлтийг Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төр, түүний бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан. Мөн аудитын байгууллага нь төрийн байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, алдаа дутагдалгүй ажиллах талаар жил бүр дүгнэлтээ ирүүлдэг. 2023 онд эдийн засаг сэргэж байгаа ч төсвийн төлөвлөлтийг зөв хийх, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах асуудлыг цаг ямагт санаж, мөрдөж ажиллах нь чухал. Энэ оны хувьд төсөвт хөрөнгө оруулалтыг шинээр тусгахаас илүү өмнөх гацсан төслүүдээ дуусгахад чиглэж байгаа нь онцлогтой. Мөн нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлиийг бууруулах зэрэг хойшлуулшгүй ажлуудаа зөв төлөвлөж, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад өнөөдөр өргөн барьж байгаа аудитын дүгнэлт хөндлөнгийн гарын авлага болно гэдгийг тодотголоо.