С.Ганбаатар: Өнөөгийн эрх баригчдын үйлдэл үйлийн үрээрээ эргээд өөрсдөд нь очих вий дээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас ҮХНӨ-ийн төслийг өргөн барилаа. УИХ-ын гишүүний хувьд энэхүү төслийг дэмжиж байгаа юу. Ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт хийхийн тулд ард нийтийн санал асуулга явуулдаг. Бүр сонгууль шиг юм болдог. Нөгөө утгаараа яг сонгууль хийнэ л гэсэн үг. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг өнөөгийн 76 батлаагүй, Ардын их хурал батлаагүй, Улсын бага хурал батлаагүй, харин нийт ард түмний санал асуулга баталсан. Улс орны хамгийн том шийдвэрийг ард нийтийн санал асуулгаар гаргадаг.
Гэтэл ийм том шийдвэр гаргахын тулд зүгээр нэг театрт уулзалт хийгээд өнгөрүүлж огт болохгүй. Эхлээд ард нийтэд таниулга хийгээд дараа нь яг санал асуулга явуулах ёстой. Нэг үгээр хэлбэл Үндсэн хуульд гар дүрэх эсэхийг ард түмэн л мэддэг. Үүнийг нь ард нийтийн санал асуулгаар шийддэг. Харин ард нийтийн санал асуулгаар шийдсэн зүйлийг УИХ ёсчлон батална. Ёсчлон батална гэдэг нь хуульд юу гэж заасан бэ гэхээр үүнийг УИХ үг дуугүй бичиглэнэ л гэсэн үг шүү дээ.
Өөрөөр хэлбэл УИХ ард түмний нарийн бичиг нь байхгүй юу даа. Монголд Үндсэн хуулиас гадна 800 гаруй хууль бий. Үүнийг УИХ баталдаг, ард түмэн хэрэгжүүлдэг. Харин ганцхан Үндсэн хуулийг ард түмэн баталж, УИХ хэрэгжүүлдэг. Гэтэл өөрсдөдөө зориулсан хуулиа өөрсдөө батлах нь ёс зүйгүй үйлдэл гэдэг санааг хэлээд байгаа юм. Адууны хулгай хийсэн этгээдийг шийтгэх эрх зүйн зохицуулалтыг УИХ батлан гаргадаг. Үүнийг нь Засгийн газар хэрэгжүүлнэ. Шүүх засаглал үүнийг нь шүүж, хэргийг тасалдаг.
-Тэгэхээр Үндсэн хууль бол ерөөсөө өндөр албан тушаалтнуудад зориулагдсан хууль гэж хэлэх гээд байна уу?
-УИХ-ын 76 гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарын наяадхан хүний асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр л шийддэг. Үндсэн хуулийн цэц иргэнийг шүүдэггүй, дарга нарыг шүүдэг. Тэр утгаараа дарга нарыг шүүх ёстой хуулийг дарга хамаагүй өөрсдийн санаачилгаараа дур мэдэн өөрчилж огт болохгүй. Үнэндээ өөрсдийгөө дахин яаж сонгогдон гаргаж ирэх вэ гэдэг зүйлээ л бодож байгаа. Энэ өөрөө маш том гэмт хэрэг шүү гэдгийг хэлье.
-Засгийн газраас өргөн барьсан энэхүү Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгагүй шууд оруулж ирж байгаа төсөл гэж харж байна уу?
-Миний хувьд ард нийтийн санал асуулгыг бүрэн утгаар нь хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай л байна. Үндсэн хуулийн асуудлаар манай намын бүлгийн хурал дээр ярьсан. Үнэхээр хүч түрж энэхүү хуулийн төслийг батлах гэж байгаа бол ард түмэн прокурор, шүүхтэй тэнцүү эрхтэйгээр мэтгэлцэх зарчмыг баримталсан заалтыг Үндсэн хуульд оруулж өгөөч. Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд өөр олон дутуу зүйл бий. Үүнийгээ ард түмнээсээ асуугаад хэлэлцэх явцдаа оруулаад ирэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.
-Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуулийнх нь хүрээнд, хугацаанд нь багтаагаад батлах боломж бий юу?
-Таны хувьд хууль, эрх зүйн талаас нь асууж байх шиг байна. Тиймээс үүнд хариулахын тулд миний хувьд хуулиа харж байж, хэлэх нь зөв байх.
-Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн төсөл орж ирсэн. Үүнд таны байр суурь ямар байна. Анхаарал татаж байгаа заалтууд байна уу?
-Нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн, өөрөө өөрийгөө засагладаг нийгэм, улс орны төлөөх байгууллага. Харин намыг Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, цагдаа, тамга хэвлэдэг, бүртгэлийн газрууд хөндлөнгөөс нь засаглаж огт болохгүй шүү. Гэтэл улс төрийн намыг эдгээр газрууд хөндлөнгөөс нь засаглах эрх зүйн боломжийг эрх баригчид нээж өгөх гэж байна. Үнэндээ өнөөдрийн эрх баригчдын энэхүү үйлдэл үйлийн үрээрээ эргээд өөрсдөд нь буцаад очих вий дээ. Улс төрийн намын тухай хуулиар яг юуг зааж өгөх ёстой вэ гэж. Маш тодорхой, намын гишүүд нь эзэд шүү гэдгийг л уг хуулиар баталгаажуулж өгөх шаардлагатай. Өөрийгөө ардчилал, намын дарга, нам гээд бодчихсон хүмүүсээс болж эрх баригч МАН, сөрөг хүчин АН хоёулаа л хүнд байдалд орж байна.
Тэгэхээр намын эцсийн өмчлөгч гэдэг шиг намын эзэд нь гишүүд байх ёстой. Гишүүд эзэд байх ёстой гэдэг нь шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн үг. Харин энэхүү гаргасан шийдвэрийг нь дарга нар хэрэгжүүлдэг байх зөв зарчмыг л би яриад байгаа юм. Гэтэл манай улсад өнөөгийн намын бүтэц урвуу зарчмаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл намын дарга, удирдагчид гэх хэдэн олигархи болсон, намын нэрийг барьж баяжсан нөхөд хоорондоо ярьж шийдвэр гэх зүйл гаргадаг. Үүнийг намын гишүүд нь дэмжиж, хэлбэржүүлдэг ийм тэнэг системийг мафийн тогтолцоо гэдэг. Өнөөгийн эрх баригчид буюу МАН гэх нам ард түмний амьдралыг сайхан болгох боломжийг өөрсдийгөө дахин сонгогдох авлигын хэрэгсэл, багаж болгож байна.
-Таны хувьд энэхүү хуулийн төсөлд ямар санал дэвшүүлсэн бэ?
-Миний хувьд уг асуудалд олон санал хэлсэн. Хамгийн нэгдүгээрт, намын зүтгэлтнүүд, гишүүд төрийн өмчит компанийн захирал байхыг хориглож, хуульчлах шаардлагатай. Өмнө нь багш, эмч нар намын гишүүн байж болохгүй гэж хуульчилсан шүү дээ. Үүнтэй адил намын гишүүд төрийн өмчит компанийг удирдахгүй гэж хуульчлах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр одоо ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын захирлуудыг намын гишүүнчлэлээсээ хасах шаардлагатай. Угтаа намаас, улс төрөөс хол мэргэжлийн хүн байх ёстой гэсэн санаа. Эрдэнэс таван толгойн захирлаар Оюутны холбооны дарга буюу оюутнуудыг намд элсүүлсэн хүнийг томилсон. Үүнээс болоод маш том нүүрсний хэрэг гарлаа шүү дээ. Энэ утгаараа төрийн өмчит компаниудын дарга, захирал болохын тулд намд зүтгэж байгаа олон залуус байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэж нэгдүгээрт бодож байгаа юм.
-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ гэж байгаа. Сонгууль болохоос өмнө эрх баригч нам өөрсдөдөө зориулсан хуулийг баталдаг гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл энэ асуудлыг яаж ёстой вэ. Үндсэн хуульд оруулах шаардлага харагдаж байна уу?
-Намын тухай хуулийн ажлын хэсэгт миний бие орсон. Тиймээс түрүү нь хэллээ шүү дээ. Харин Сонгуулийн тухай хуулийн төслийг бие гардан танилцаж байна, одоогоор. Товчхондоо хэлбэл Сонгуулийн хуулийг 76 өөрсдөдөө зориулж өөрчилж болохгүй. Бид өнөөгийн мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулиар л сонгогдон гарч ирцгээсэн. Тэгсэн атлаа уг хуулиа дахиад өөрсдөдөө зориулж өөрчилнө гэдэг нь ёс зүйгүй үйлдэл шүү.
Мэдээж алдаа дутагдал байгаад өөрчлөхийг үгүйсгэхгүй. Үнэхээр өөрчиллөө гэж бодоход хэрэгжих хугацааг нь ядаж 2028 оноос эхлүүлэх шаардлагатай. Түүнээс биш өөрөө өөртөө хууль батална гэдэг нь яах ч аргагүй эрх ашгийн зөрчил үүснэ шүү дээ. Та бод би одоо мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн болсон. Гэтэл цаг үе, нийгмийн байдал өөрчлөгдсөн учраас уг хуулиа засаад дахиад өөртөө ашигтайгаар боловсруулах гэж байна шүү дээ. Уг үйлдэл нь эрх ашгийн зөрчил үүсэхээр байгаа биз дээ. Тиймээс үүнийг бие эсэргүүцэж байгаа юм.
-Та Монголын үйлдвэрчний эвлэлээс тодорч гарч ирсэн улстөрч. Тэр утгаараа өнөө үед багш, эмч нар буюу төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал нийгэмд хурцаар яригдаж байна. Та ямар саналтай байна вэ?
-Цалин хөлсийг нэм гэж би хэлэх гээгүй. Харин өнгөрсөн жилийн цалин хөлсний түвшинд нь хүргэ гэж би хэлдэг. Эрх баригчид өнөөдөр цалин хөлс нэмэх гээд яваад байгаа юм огт биш. Өнгөрсөн жил сая төгрөгийн цалин авч байсан хүний худалдан авах чадварыг өнөөдөртэй харьцуулбал 40 хувиар уначихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвар 40 хувь унасан гэсэн үг. Эрх баригчдын буруу бодлогоос улбаалж төгрөгийн худалдан авах чадвар унаснаар цалин хөлсний ханш буурсан. Үүнийг буцаагаад өнгөрсөн жилийн худалдан авах чадварт хүргэе л гэж байгаа юм.