Ц.Мөнхцэцэг: Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-150 байх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь тодорхой болж байх шиг байна. Засгийн газраас өнөөдөр энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барина. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Орж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих үү?
-Тэгэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэх үед улс төрийн хүчнүүдийн хоорондох үл ойлголцлоос болоод зарим зарчмын шинжтэй чухал заалтууд унасан. Үүний нэг нь парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал байсан. Мөн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах асуудал унасан байдаг. Хэрэв тухайн үед эдгээр заалтуудыг Үндсэн хуульдаа оруулаад явчихсан бол өнөөдөр буюу дөрвөн жилийн дараа дахиад Үндсэн хуулийн өөрчлөлт гэж ярихгүй байх байсан. Тиймээс миний хувьд удахгүй Засгийн газраас оруулж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019 оны ҮХНӨ-ийн үргэлжлэл гэж ойлгож байгаа. Тэр утгаараа уг өөрчлөлтийг миний хувьд бүрэн дэмжинэ.
-Энэ удаагийн өөрчлөлтөөр парламентын гишүүний тоог нэмэх асуудал илүү олон нийтийн анхаарлыг татаж байна. Таны хувьд тоог нэмэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлыг миний хувьд улс төр судлалын эрдэмтэн байх үеэсээ эхлээд дэмжиж, судалж ирсэн. Монгол Улсын хувьд газар нутгийн онцлог болон хүн амын тооноос хамаараад парламентын төлөөлөх чадавхыг чухлаар харах шаардлагатай. Аливаа улс орны парламентын голлох чиглэл нь хууль батлахаас гадна төлөөлөх үүрэг байх ёстой. Үүн дотроо хүн ам болоод газар нутгийг төлөөлөх үүрэгтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн найман сонгуулийн долоод нь хэрэглэгдсэн мажоритар тогтолцоо нь газар нутгийн төлөөллийг харьцангуй сайн хангаж байсан. Өөрөөр хэлбэл тойргоор хуваагдсан систем нь газар нутгийн аюулгүй байдал, бодлогыг төрийн бодлогод тусгаж чадсан байдаг.
Тэр утгаараа газар нутгийн төлөөллийг хангахын тулд мажоритар систем маань зайлшгүй байх ёстой гэж үзсэн. Үүнтэй зэрэгцээд хүн амынхаа төлөөллийг парламент нь хангах ёстой. Үүнийг өнөөдөр үйлчилж буй мажоритар систем хангаж чаддаггүй сул талтай байгаа. Тиймээс парламентад яах ч үгүй сонгуулийн пропорциональ системийг оруулж ирэх нь зөв. Энэ системийг оруулж ирэх өөр нэг шалтгаан нь нийгмийн бүтцийнхээ төлөөллийг оруулах явдал гэж хардаг.
Өөрөөр хэлбэл парламентад энэхүү системээр дамжуулан эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулж ирнэ гэсэн үг. Тодорхой хэлбэл шийдвэр гаргах түвшинд төлөөлөл сул байдаг нийгмийн бүтцээсээ парламентад илүүтэйгээр оруулж ирэх боломж нь сонгуулийн пропорциональ систем.
-Та сая сонгуулийн тогтолцооны талаар ярилаа л даа. Таны хэлсэн тогтолцоог Үндсэн хуульд оруулж өгөх асуудал яригдаж байна. Ингэхгүй бол эрх баригч нам нь сонгууль болохоос өмнө уг хуульд байнга өөрчлөлт оруулдаг гэсэн шүүмжлэл их байна л даа...?
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу сонгуулийн ямар ч тогтолцоог сонгох боломжтой. Гэхдээ сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульдаа тусгаж өгөх шаардлагатай гэдгийг улс төрийн зарим хүчнүүд ярьж байгаа. Таны хэлдэг шүүмжлэлийг л тэд ярьж байна. Миний хувьд энэ асуудлыг Үндсэн хуульдаа тусгаад явахад ер нь буруудахгүй болов уу гэж боддог.
-Эрх баригч нам сонгуулийн хоёр системийг ижил түвшинд авч үзэж байгаа. Гэтэл сөрөг хүчний зүгээс 60, 40 гэсэн зарчмаар явах ёстой гэдэг. Тэгэхээр энэ чиглэлд судалгаа хийсэн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад тохирох хамгийн сайн системийг сонгохын тулд өөрийн улсын онцлогийг харахаас гадна бусад улс орнуудын туршлагыг маш сайн судлах шаардлагатай. Миний хувьд энэ асуудлыг судлахаас гадна улс төрийн намуудын санхүүжилт, реформуудыг давхар шинжилсэн. Тэр утгаараа манай өнөөгийн улс төрийн намуудын төлөвшил, үйл ажиллагаа, бүтэц, тогтолцоо нь 1980-аад оны Япон, Солонгосын нөхцөл байдалтай тун ойролцоо байна.
Тухайлбал, 1988 онд Японд нэгэн компанийн томоохон хэрэг дэгдсэн. Уг компани нь өөрийнхөө хувьцааг улстөрчдөд тараасан буюу улстөрчид бохир мөнгөнд орооцолдсон шуугиан дэгдсэн байдаг. Уг үйл явдлын дараа тус улсын парламентаас улстөрчдийн санхүүжилтийг ил тод болгох, улс төр дэх мөнгөний нөлөөллийг багасгах арга замыг эрэлхийлсэн байдаг. Ингээд улс төрийн болоод сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулсан.
-Ямар өөрчлөлт оруулсан гэж...?
-Дээрх алдааг засахын тулд эхлээд сонгуулийн холимог системийг сонгосон байдаг. Мөн улс төрийн намын санхүүжилтийг шинэчилж, компанийн болоод хувийн хандивыг хязгаарласан. Төсвийн санхүүжилтийг нэмсэн. Ерөнхийдөө улс төр дэх хувь хүний хүчин зүйлийг багасгахгүй бол ямар нэгэн байдлаар хувь улстөрчийн нөлөөлөл мөнгөнөөс хамааралтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байгаа юм. Улмаар энэхүү том реформыг улс төрийн хүрээндээ хийсэн. Энэхүү реформын үр дүн нь арваад жилийн дараа буюу 2005 онд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлсний үр дүнд улс төрийн намууд хүчтэй болж, улс төр дэх хувь хүмүүсийн нөлөөлөл багассан байдаг. Үүнтэй адилхан 1980, 1990-ээд оны үед Солонгос улсад улс төрийн том реформ явагдсан байдаг.
Харамсалтай нь Солонгост хийгдсэн реформ Япон шиг үр дүн гарахгүй байсан талаар тус улсын эрдэмтэд хэлж байсан. Ямар учраас үр дүн гараагүй вэ гэхээр Солонгос улс сонгуулийн холимог тогтолцоог оруулахдаа пропорциональ тогтолцооны хувийг маш багаар нэвтрүүлсэн юм билээ. Үүнээс болоод үр дүн дорвитой гараагүй гэдэг. Тэгэхээр Япон шиг үр дүнд хүрэхийн тулд сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцооны хувь хэмжээ тэнцүү байх ёстой. Монгол Улсын хувьд пропорциональ тогтолцоо нь бүр илүү ч байхад гэмгүй гэж боддог.
-Намын санхүүжилтийн асуудлыг та хөндлөө. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөлд уг асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Уг хуулийн төсөл дэх санхүүжилтийн зохицуулалтыг та юу гэж харж байна вэ?
-Мэдээж энэ удаагийн Улс төрийн намын болоод Сонгуулийн хуулийн шинэчлэлийн гол зорилго нь улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөөг багасгаж, цэвэр бодлогын өрсөлдөөн болгох. Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохоос гадна хувь хүний болоод компаниудын хандивыг хязгаарлах зорилготой байгаа. Тиймээс бидний хувьд энэхүү хуулиудын төслийг боловсруулах явцад олон улсын жишиг, туршлагуудыг их судалсан.
Ерөнхийдөө дэлхий дахинд улс төрийн намын санхүүжилтийн хоёр үндсэн хэв маяг байна. Нэг нь Америк маягийн санхүүжилтийн тогтолцоо, нөгөөх нь Европ. Америк хэв маяг гэдэг бол Ерөнхийлөгчийн засаглалтай улс орны хувьд улс төрийн намын нөлөө харьцангуй бага байдаг. Тэр утгаараа улс төрийн намуудад төрөөс дэмжлэг үзүүлэх, төсөв санхүүжилт олгох асуудал хязгаарлагдмал байгаа юм.
Ингэхээр ерөөсөө хувь хүний хандив дээр улс төрийн намын санхүүжилт нь явагддаг гэсэн үг. Харин Европын загвар дээр гэвэл парламентын засаглалтай учир бодлогын гол институци нь улс төрийн нам байдаг. Тэр утгаараа намд үзүүлэх төрийн дэмжлэг хүчтэй, төсвийн санхүүжилт өндөр, тэр хэмжээгээр хувийн хандивыг хязгаарладаг байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын хувьд Ром, Германы эрх зүйн системтэй, парламент засаглалтай орон. Тиймээс бидэнд тохирох хамгийн ойрхон систем нь Герман маягийн улс төрийн тогтолцоо гэж үздэг. Тэр ч утгаараа бид Германы хуулиудыг Монголд цөөнгүй нутагшуулж байна.
-Хувийн хандив өгөхийг хязгаарлана гэж байна. Яг ямар ямар төрөлд энэхүү хязгаарлалт үйлчлэхээр байгаа вэ?
-Улс төрд хандив өгөх, өгөхгүй этгээдүүдийг нарийвчлан зааж өгсөн байгаа. Жилд өгөх хувь хүний болоод компанийн хандивын дээд хэмжээг тогтоон өгч байна. Мөн төрийн тендерт оролцсон компаниудыг дөрвөн жилийн наана, цаана улс төрийн намд хандив өгөхийг нь хориглож байгаа юм. Үүгээрээ улс төрийн намд хандив өгч, тендер ялах эсвэл тендерт ялсныхаа дараа улс төрийн намд хандив өгөх гажиг системийг үүгээр хязгаарлаж өгч байна. Мөн улс төрийн намд олгож байгаа төсөв, санхүүжилтийн зарцуулалтыг тодорхой болгон өгч байгаа.
Эдгээр хязгаарлалтуудыг зөрчсөн улс төрийн намуудад оногдуулах хариуцлагын асуудлыг мөн хуульд тусган өгч байгаа. Одоо үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар намууд тайлангаа ил тавиагүйн улмаас ямар нэгэн шийтгэл, хариуцлага огт байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл санхүүжилттэй холбоотой асуудлаар намд ямар нэгэн хариуцлага тооцох эрх зүйн орчин байхгүй байгаа гэсэн үг. Тэгвэл Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлд энэ асуудлыг илүү нарийн тодорхой зааж, зааглаж өгсөн гэж ойлгож болно.
-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Сонгуулийн ерөнхий хорооны эрх мэдэл зузаарч, улс төрийн намд ирэх дарамт нэмэгдэнэ гэдгийг зарим хүчний төлөөллүүд шүүмжилж байгаа. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрийн намуудтай холбоотой асуудлаар манай олон нийтийн байр суурь маш тодорхой харагддаг. Тухайлбал, улс төрийн намууд ямар ч хариуцлага хүлээдэггүй, зарим намууд бүр нэг компанийн эсвэл нэг бизнесмэний нөлөөлөл дор байдаг. Нөгөөтэйгүүр Монгол Улс хүн ам цөөн учраас ийм олон нам байх ёстой юу үгүй юу гэдэг шүүмжлэл олон нийтийн зүгээс байнга гарч ирдэг.
Тиймээс энэхүү хуулийн шинэчлэлээр улс төрийн намууд нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээх, олон нийтэд болон гишүүддээ ил тод байх, дотоод ардчиллын зарчмуудыг хэрэгжүүлэх үүргүүдийг тусган өгч байгаа. Эдгээр үүргээ биелүүлдэггүй намд хариуцлага тооцох институцийг бид Сонгуулийн төв байгууллага гэж төсөл дээрээ зааж өгсөн. Олон улсын туршлага ч тийм байдаг.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн намууд болон хувь улстөрчдийн ихэнх нь дэмжиж байгаа гэдэг. Гэхдээ зарим улстөрчид энэхүү өөрчлөлтийг өнөөгийн парламент хийж болно, харин хэрэгжилтийг нь 2028 оноос эхлүүлэх шаардлагатай гэдэг зүйлийг илэрхийлж байна. Таны хувьд энэ асуудлыг юу гэж харж байна вэ?
-Засгийн газраас орж ирэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д суудалтай намууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Манай намын бүлгээс энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дурдагдсан гишүүдийн тоог нэмэх, орон нутгийг жигд хөгжүүлэх, хэт төвлөрлийг сааруулах үүднээс хотын статусыг Үндсэн хуульд шинээр оруулах асуудлыг дэмжиж байгаа. Мөн хүний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлдэг болох зэрэг асуудлыг МАН-ын бүлэг дэмжсэн.
Засгийн газраас энэхүү өөрчлөлтийг УИХ-д албан ёсоор өргөн барьсны дараа гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчдынхоо саналыг авна. Улмаар иргэдийн зүгээс энэхүү асуудлыг дэмжих юм бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ даруйхан хэлэлцэнэ. Тэр ч утгаараа хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь эхлээд мөрдөх шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь олон улсын хямрал, газар нутгийн онцлогоос үүдэж парламентын чадавхыг нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангах нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал заавал 2028 оноос гэлтгүйгээр шууд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.
-Ярианыхаа эхэнд дурдсан. Судлаач, эрдэмтэн хүний хувьд олны анхаарлыг татаад байгаа парламентын гишүүдийн тоо хэд байвал манай улсад илүү тохиромжтой юм бэ. Та үүнд яг тоо хэлэхгүй юу?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байх үед миний хувьд эрдэмтэн судлаачийнхаа хувиар тодорхой байр суурь, саналаа өгч байсан. Манай улс төр судлалын эрдэмтэд, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачдын байр суурь нэг зүйл дээр нэгдэж байсан. Тэр нь өнөөгийн Монгол Улсын нэг танхимтай, парламентын 76 гишүүн хүн амын төлөөлөх чадварыг хангахгүй байна, парламентын хууль тогтоох бүтээмж дунд түвшинд буюу хангалтгүй байна гэж тодорхойлсон байдаг.
Мөн нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл өндөр байна гэдэг зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолсон байдаг. Энэхүү санал зөвлөмжөө тухайн үед удаа дараа гарган өгч байсан. Миний хувьд одоо ч энэхүү байр суурь дээрээ тодорхой байгаа. Ер нь манайх шиг жижиг улсын хувьд аюулгүй байдлаа хангах гол үзүүлэлт бол парламентын чадавх өндөр байх явдал юм. Тэр утгаараа парламент нь хүн амынхаа болоод газар нутгийнхаа төлөөллийг маш сайн хангасан байх шаардлагатай. Ингэхийн тулд мэдээж парламентын гишүүдийн зохистой тоог гаргаж ирэх ёстой. Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд парламентын гишүүдийн тоо 120-150 байх шаардлагатай. Монгол Улстай төстэй бусад ардчилсан орнуудын туршлага, явуулж байгаа систем ч ийм байна.