Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв
2023.05.08

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар холбогдох албаныхны хамт Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо /МТИҮХ/-ны гишүүдтэй “Асуудал шийдэл” хэмээх хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ үеэр тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүст тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар сонсон, тусгай хэрэгцээт иргэдийн байр суурийг салбарын бодлого, шийдвэрт тусгахаар санал солилцсон юм.

МТИҮХ нь тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрхийн төлөө тэгш оролцоот, хүртээмжтэй нийгмийг бий болгох, эрх ашгийг нь хамгаалахаар 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Мөн тус холбооны зүгээс үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад тулгарч буй гол асуудал нь ажлын байр гэдгийг онцолж байв. Тухайлбал, тэргэнцэртэй иргэдийн сурч хөгжиж, ажиллаж хөдөлмөрлөх хүртээмжтэй орчин хомс, өвчин гэмтлийн дараах өвчин зовуурь, сэтгэл гутралд анхаарах хэрэгтэйг хэлж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Бид аль ч шатандаа хандлагаа өөрчлөх шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт иргэд нь төрдөө гомдоллодог, эргээд төр нь шийдвэр гаргахдаа тэднийхээ үзэл бодол, санал хүсэлтийг тусгадаггүй байдлыг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс ч бодлогын хэрэгжилт анхан шатандаа ямар байгааг эргэн нэг харах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулж буй. Эл уулзалтыг тусгай хэрэгцээт иргэдийн төвүүд дээр цуврал болгон зохион байгуулна. Ингэснээр нийгэмд түгсэн ойлголтын асуудлыг нэгтгэнэ гэж харж байна. Мөн та бүхний гаргасан төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллана. Харин байрны асуудлыг судалж, нэгдсэн байдлаар шийдье” хэмээсэн юм.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор:

-Манай холбооны зүгээс бодлогод нөлөөлөх чиглэлийн хүрээнд салбарын яамд дээр байгуулагдсан тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих дэд зөвлөлүүдэд орж, бодлого төлөвлөлтөд нөлөөлж ажилладаг. Мөн тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр Хотын стандарт, хяналтын газартай хамтран барилга хүлээж авах улсын комиссын багт багтан ажиллаж байгаа нь бидний хийж буй томоохон ажлуудын нэг юм. Хамгийн гол асуудал нь тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд ажлын байр шаардлагатай байгаа. Хэрвээ ажлыг байрыг нь шийдээд өгвөл бид урсгал зардлаа өөрсдөө шийдэн, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын сацуу тусгай хэрэгцээт иргэдээ хөгжүүлэх боломжтой болох юм.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хуулийн зөвлөх Б.Галсанжамц:

-Одоогоор нийслэлийн хэмжээнд өдөрт 900 гаруй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй. Үүнээс 30 гаруй хувь нь парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн шинэ автобус юм. Мөн Засгийн газраас нэмэлтээр 800 гаруй автобус нэмэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр бүх автобусаар тусгай хэрэгцээт иргэд саадгүй үйлчлүүлэх боломжтой. Гэвч жолоочийн хандлагаас үүдэн тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих боломж тэр бүр алга. Энэ тохиолдолд тухайн иргэн автобусны бүхээгийн хажууд бичээстэй тусгай утсанд санал гомдлоо илгээх хэрэгтэй. Ингэснээр эрх нь зөрчигдөх магадлалтай иргэдийг ч мөн давхар хамгаалж чадаж байгаа юм гэлээ.  Мөн тусгай хэрэгцээт иргэдэд хэрхэн үйлчлэх талаарх уулзалтыг автобус нэгтгэлийн компаниудад зохион байгуулахаа мэдэгдлээ.

Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн дарга Б.Ариунтуяа:

-Улаанбаатар хотын хувьд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, сайжруулах үүднээс нийт 22 бүлэг, 97 стандартыг батлан мөрдөхөөр төлөвлөж буйн эхний 52 стандартыг батлаад буй. Үүнээс 19 стандартад тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийг хангах тухай заалтууд туссан. Сүүлд нэмэгдсэн 14 стандартын хоёр нь зөвхөн тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн байгаа.

Уулзалтын төгсгөлд холбогдох албаныхан МТИҮХ-ны гишүүдийн асуултад хариулж, санал, хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн чиг үүргийн бус асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад уламжлахаа мэдэгдсэн юм.