Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв
2023.05.03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголын товч тайланг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулсан юм.

Тэрбээр, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “21.6.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар ... эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно.”, “21.7.Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, “21.8.Энэ хуулийн 21.7-д заасны дагуу нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн Нэр дэвшигчийн сонсголын үе шатыг баримтлан дараах ажиллагааг явууллаа.

1/Монгол Улсын Засгийн газар /“Монголын менежментийн манлайлал форум” НҮТББ/-аас нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Монгол Улсын Засгийн газар /Монголын үндэсний маркетингийн холбоо/-аас нэр дэвшүүлсэн Жаргалсайханы Золзаяа нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 16-нд Байнгын хороонд ирүүлсэн болно.

2/2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолыг баталж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг томилсон.

3/Сонсголын бэлтгэл хангах хүрээнд:

  • Нэр дэвшигчийн мэдээллийг Parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулсан.
  • Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудас, itoim.mn, ikon.mn, 24tsag.mn, livetv.mn, eguur.mn, news.mn, newspress.mn, times.mn, tovch.mn, zarig.mn, Мgl 88.3 фм радио зэргээр 32 хоногийн хугацаанд давтамжтай байршуулсан.
  • Мэдээллийн дагуу 1 ажиглагч бүртгүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар бүртгэж, баталгаажуулсан.

4/2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэх бөгөөд Байнгын хорооноос сонсголд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Г.Ганболд, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар хүрэлцэн ирж, ирц бүрдэж, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу “сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш 2 өдрийн дотор хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн тухайн нэр дэвшигч албан тушаалд шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгана. Тухайн тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж Парламентын цахим хуудаст байршуулах болно.” гэсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргалаа.

Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч Н.Монсорыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, нэр дэвшигч Ж.Золзаяаг гишүүдийн олонх дэмжлээ хэмээн танилцуулав.

Монгол Улсын Их Хуралд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгосон нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу хаалттай горимоор хэлэлцлээ