2023.05.03
"Хууль бусаар баривчлагдсан сэжигтний судалгааг гаргах эрх зохицуулалтын талаар санал боловсруулахыг даалгаж байна"
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэлэлцэв.
Тухайн илтгэлтэй холбогдуулан УИХ тогтоол гаргах болсон талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдаад "Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ конвенцод нийцүүлэн, хуулийн төслийг өргөн барихыг Засгийн газарт даалгаж байна.
Мөн түүнчлэн
- Шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнийг баривчилдаг шийдвэр бүрийн үндэслэлийг хэлэлцдэг шүүхийн хэлэлцүүлгийг бий болгох,
- Хууль бусаар баривчлагдсан сэжигтний судалгааг тогтмол гаргаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх,
- Тухайн хүн өөрийг нь баривчилсантай холбоотой баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авах эрх зохицуулалтын талаар санал боловсруулахыг Засгийн газарт даалгаж байна" хэмээв.