Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаахаар болов
2023.04.19

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаахаар болов

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хянан шалгах Ажлын хэсэг байгуулах тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ удаагийн тогтоолын төсөлд дараах үндэслэл, шалтгаанаар хөрөнгө нэмж тусгах шаардлага гарсан гэж үзжээ.

-Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр авто тээврийн хэрэгсэл худалдан авахыг хязгаарласнаас үүдэлтэй алслагдсан сумдын төрийн үйлчилгээнд автомашин дутагдалтай байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинаас шилжүүлэн авах хүсэлтийг төрийн байгууллагууд удаа дараа гаргаж байгаа бөгөөд энэ хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор алслагдмал сумдын Эрүүл мэндийн байгууллагад автомашин шилжүүлэхээр нэмж тусгах ;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний 21 аймаг дахь газруудыг татан буулгасан тул тухайн хөрөнгийг орон нутагт нь ялангуяа автомашин шаардлагатай байгаа байгууллагад нь шилжүүлэх зарчим барьсан. Иймд автомашиныг тухайн байгууллагуудад урьдчилан үзүүлж, чанар байдлыг шалгах, хэрэгцээнд нь нийцэж байгаа эсэхийг нягтлахад тодорхой хугацаа зарцуулсан. Ингээд хүлээн авах боломжтой гэж үзсэн хөрөнгийг гэрээгээр ашиглуулж байна.

Ашиглалтын гэрээгээр орон нутгийн өмчит байгууллагад ашиглуулж байгаа эдгээр автомашиныг тогтоолын төсөлд нэмж тусган, орон нутгийн  өмчид шилжүүлэх шаардлага үүссэн байна. Дээрх хүрээнд ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 39 санал, найруулгын 2 санал гаргасан. Эдгээр зарчмын зөрүүтэй саналаас 30 санал нь автомашиныг тогтоолын төслийн хавсралтад шинээр нэмж тусгах агуулга бүхий саналууд гарсан аж. Тиймээс уг саналыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.

Энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 300 гаруй машин төвлөрүүлсэн. Эдгээр машиныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд ихэвчлэн хуваарилсан. Түүнээс гадна өвөлжилт хүндэрсэн аймгуудад ашиглалтын гэрээгээр машин хуваарилсан. Мөн МХЕГ татан буугдсан учраас өмч хөрөнгийг зохицуулахаар Засгийн газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв.

Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаахаар шийдвэрлэв.