Х.Нямбаатар: Удахгүй БНСУ-аас хэд хэдэн хүнийг албадан авчирна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны ШУВУУ буюу гэмт хэрэг зөрчилд шалгагдаж байгаад гадаад улс орон руу оргон зайлсан этгээдүүдийг эх оронд авчирч, хохирлыг барагдуулах ажиллагааны явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Засгийн газраас авлигатай тэмцэх “Шувуу” ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд иргэдээс мэдээлэл авах ажлыг идэвхжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ "Шувуу" ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох нь зүйтэй гэж үзсэн. Иргэд гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үед гадаад улс руу оргон зайлсан хүмүүсийн талаарх мэдээллийг 11-11 төвд өгч, тэрийг хууль хяналтыхан баталгаажуулж, үнэн бодитой байвал тухайн мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулахаар шийдвэрлэсэн. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулийн хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх чиглэлд иргэдээс мэдээлэл авахдаа мөнгөн урамшуулал олгодог.
"Шувуу" ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр сэжигтэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлэн авсан. Одоо хуулийнхан мөрдөн шалгах ажлаа хийж, шүүх гэм буруутай эсэхийг шийдэх учиртай. Т.Бадамжунайг авчирсны дараа АТГ-ын Мөрдөн шалгах албатай иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдоод өөрөө эх орондоо ирж хэргээ шалгуулж байна. Энэ хүн нь Эрүүгийн хуулийн 22.1.2-т холбогдуулан шалгаж байгаа. Мөн иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож Монголдоо ирээд хэргээ шалгуулж байгаа. Тухайн иргэдэд хилийн хориг тавих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, хуулийнхан мөрдөн шалгах ажлаа хийж байна. Энэ хүмүүсийн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийднэ.
Мөн удахгүй БСНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэд хэдэн хүнийг албадан авчирна. Одоогоор нэрийг нь зарлах боломжгүй.
Нэг зүйл дээр том дэвшил гарсан. АТГ байгуулагдаад 17 жил болсон ч улс орнуудаас авлигын гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг шилжүүлэн авчирч байгаагаагүй юм байна лээ. Харин "Шувуу" ажиллагааны хүрээнд шилжүүлэн авчрах ажилд үр дүн гарч байгаа нь сайн" гэлээ.