“Хэсгийн байцаагч 2023” зөвлөгөөн боллоо
2023.04.24

“Хэсгийн байцаагч 2023” зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, нийслэлийн иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг ханган ажилладаг алба хаагч нар бол хэсгийн байцаагчид юм. Хэсгийн байцаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр НЗДТГ-аас тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Өнгөрсөн баасан гарагт “Хэсгийн байцаагч 2023” зөвлөгөөн боллоо.

Хэсгийн байцаагч нарыг тээврийн хэрэгсэл, холбоогоор хангах, цахилгаан, дулааны зардлыг төсвөөс санхүүжүүлэх, хойшлуулшгүй ажилд хэрэглэх шатахууны лимит тогтоох, хариуцсан нутаг дэвсгэрт байр, орон сууцаар хангах, гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр аян, болзолт уралдаан зэргийг зохион байгуулсаар ирсэн. Мөн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр “Эрүүл аюулгүй байдлын индекс” шалгаруулалтыг жил бүр явуулж, 10 хэсгийн байцаагчийг ажлын үр дүнгээр урамшуулж, 12 алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж, шаардлагатай принтерийг шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад хэсгийн байцаагч та бүгдийн үүрэг маш чухал. Мөн бид хэсгийн байцаагч нарынхаа таатай орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад онцгой анхаарч ажиллах болно. Та бүгдийн ажил үйлсэд амжилт хүсье” гэсэн юм.

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-аас 2022, 2023 онд хэсгийн байцаагч нарын ажлаас халшрах хам шинж, сэтгэл санааны байдалд судалгаа хийж, эрсдэл өндөртэй 156 хэсгийн байцаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулжээ.