“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов
2023.03.30

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмж, 1500 болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн багш, оюутан залуусын төлөөлөлтэй өнгөрсөн долоо уулзсан. Уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргалаа.

Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ, “Монгол Улсын хэмжээнд хувийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд суралцаж буй 150 мянга орчим оюутан бий. Тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг эрэмбэлэхэд Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, Боловсролын зээлийн сангаас олгож буй зээл, тэтгэлгийг ил тод болгох, хүртээмжийг нэмэх, "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдийн тоог нэмэх, Оюутны дотуур байрын чанар, стандарт, хүртээмжийг шинэ шатанд гаргах, их, дээд сургууль, техникийн болон мэргэжлийн сургуульд багшилж буй багшийн ёс зүй, оюутны цагийн хөдөлмөр эрхлэлт, номын сан, автобусны карт, зорчих эрх гэхчилэн тэдэнд тулгамдаж буй 10 асуудал байна” гэв.

Цэргийн сургуулиас бусад “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 2023 онд 1500 болгож, зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн оюутнуудыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд 2023 онд хамруулах, төрийн өмчийн их, дээд сургууль болон нийслэлийн номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлнэ. Мөн И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо.