2023.03.31

Д.Өнөрболор: Санхүүжүүлэлт, хөрөнгө оруулалтыг шийдсэн шинэлэг шийдэл хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Олон улсад энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдэж, бодлого шийдвэр, арга механизм бүрдсэн. Мекинзегийн судалгаагаар ажиллах хүчний салбарт жендерийн тэгш байдлыг хангаснаар 2025 он гэхэд дэлхийн ДНБ-ыг 12-28 их наяд доллароор нэмэгдүүлэх боломжтой, харин эсрэгээрээ жендерийн ялгаатай байдал эдийн засагт ДНБ-ний 15 хувь орчимд хохирол авчирдаг гэсэн судалгаа бий. Иймд эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт оруулах нь ямар үр дүнтэй болохыг ОУ-ын судалгаанаас харагдаж байна. Манай улсад эрх зүйн орчин бүрдүүлж байгаа боловч эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд бодлогын түвшинд тусгайлан дэмждэг төрийн тодорхой бүтэц эзэн биетэй байж байж үр өгөөж өгнө. Үүнийг давхар ярилцаж явах хэрэгтэй. Ялангуяа цар тахлын нөхцөл байдал бүрэн арилаагүй энэ цаг үед энэ хууль батлагдахтай зэрэгцээд бодит хэрэгжилт байх ёстой.

Бусад улс орнууд хөгжлийнхөө бүх үе шатуудад аж ахуй нэгжээ дэмжихэд чиглэсэн төрөл бүрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Тэр дундаа дижитал шилжилтийн хүрээнд менежмент, хүний нөөц, санхүүгийн эрүүл өсөлт гээд цогц бодлогын арга хэмжээг маш оновчтой Засгийн газраасаа тусгайлан авч хэрэгжүүлж дэмжлэг үзүүлж байна. Манай улсад энэ чиглэлээр тодорхой бүтэц байна уу гэж авч үзэхээр ХНХ-ын яаманд Хөдөлмөр эрхлэлтийн сан байдаг, ХХАА-н яамд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх агентлаг байна. Энэ бүтцээр уг хуулийн хэрэгжүүлэлтийг хангаад явах нь учир дутагдалтай. Түүнчлэн санхүүжүүлэлт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх дээ шинэлэг шийдэл хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn