Иргэний хувийн мэдээллийг улсын бүртгэлээс устгах, хасаж, өөрчилсөн асуудал байхгүй
2023.01.27

Иргэний хувийн мэдээллийг улсын бүртгэлээс устгах, хасаж, өөрчилсөн асуудал байхгүй

Гэрлэлтийн бүртгэл нь устаж, эхнэрийг нь эрэгтэй хүн болгон Улсын бүртгэлд бүртгэсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Эл асуудал нь иргэн Ж.Гантөмөр, Ц.Энхсайхан нарт хамаарах юм. Уг асуудлаар бид УБЕГ-ын “Хяналт шалгалтын газар”-ын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Сайн байна уу. Дээр дурдсан Ц.Энхсайхан, талийгаач Ж.Гантөмөр нарын тухай мэдээлэл “Isee.mn” сайтад гарсан. Уг мэдээнд эдгээр иргэдийн гэрлэлтийн бүртгэл, овог нэртэй холбоотой цаашлаад бусад хамаарал бүхий асуудлын талаар дурдаж, үүссэн нөхцөл байдал нь УБЕГ-ын буруутай үйл ажиллагаанаас болсон гэх өнцгийг нийгэмд түгээсэн. Гэвч хууль ёсны дагуу Улсын бүртгэлийн Нэгдсэн архивт хадгалагдаж байгаа эх нотлох баримт бичгийн хүрээнд эл асуудалд нухацтай хандах ёстой юм. Тиймээс нийгэмд хүрсэн буруу ташаа мэдээллийг Улсын бүртгэлийн нэгдсэн архивт хадгалагдаж буй эх баримтад тулгуурлан олон нийтэд үнэн, зөвөөр хүргэж байна.

Нэгдүгээрт Ц.Энхсайхан, Ж.Гантөмөр нар нь 1980 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гэр бүл болж албан ёсоор гэрлэлтээ батлуулсан боловч бүртгэл нь устсан гэж мэдээлсэн. Тодруулбал, гэрлэлтийн бүртгэл нь 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай бүртгэгдсэн гэжээ.

Гэвч Улсын бүртгэлийн Нэгдсэн архивт хадгалагдаж буй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1980 оны гэрлэсний бүртгэлийн баримтаас үзэхэд 1980 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 209 дугаартай бүртгэлээс хойш шинээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүл байхгүй байсаар 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 210 дугаартай бүртгэл хийгдсэн болохыг доорх зурагнаас харж болох юм.

Улсын бүртгэлийн байгууллагад хөтлөгдөж байгаа гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр, иргэний улсын бүртгэлийн маягтын болон иргэний гарт олгодог гэрлэлтийн гэрчилгээний дугаар ижил байдаг. Үүнийг өөрчлөх боломжгүй юм. Үүнээс үзэхэд иргэн Ц.Энхсайхан, Ж.Гантөмөр нар нь 1980 оны 10 дугаар сарын 10-нд гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 49 дугаарын гэрлэсний бүртгэлд нэр бүхий иргэдийн гэрлэсний бүртгэл 1980 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж, иргэдэд олгосон гэрлэсний гэрчилгээ эх хувиар хадгалагдаж байна.

Мөн иргэн Ц.Энхсайханы “Isee.mn” сайтад өгсөн гэрлэлтийн гэрчилгээний загвар нь тухайн үед олгогдож байсан гэрлэлтийн гэрчилгээний загвараас өөр байгааг дурдах нь зүйтэй. Учир нь гэрчилгээний дугаарлалт, бичилт болон бүртгэл хийлгэж буй иргэдийн гарын үсэг зурах хэсэг зэргээр өөр байгааг онцлох хэрэгтэй. Ц.Энхсайханы гэрлэлтийн гэх гэрчилгээ нь 1980-аад оны дунд үеэс эхлэн ашиглаж байсан загвар байдаг.

Иргэн Ц.Энхсайханы гаргасан материал

Тухайн үед олгогдож байсан гэрлэлтийн гэрчилгээний загвар

Хоёрдугаарт: Иргэн Ц.Энхсайханы нэр, хүйсийг өөрчилж, Ц.Энхбаатар гэх эрэгтэй болгосон гэжээ. Гэвч архивын эх нотлох баримтаас үзэхэд 1960 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баянтэрэм суманд төрсөн Ц.Энхсайханыг мөн оны 12-дугаар сарын 10-ны өдөр түүний ээжийн ээж буюу эмээ гэх Сүрэн нь эрэгтэй, Ц.Энхбаатар хэмээн улсын бүртгэлд бүртгүүлж 54 дугаарын төрсний гэрчилгээ авсан байдаг. Доорх зурагнаас харж болно.

Улмаар Сүхбаатар аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 79 дүгээр “Овог нэр солих тухай” тогтоолын 1 дэх заалтад Баянтэрэм суманд 1960 оны 12 дугаар сарын 02-нд төрж, Баянтэрэм сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд 1960 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрснөө бүртгүүлж нэрээ солиулахаар өргөдөл гаргасан 54 тоот гэрчилгээтэй Цэвэгжавын Энхбаатарын нэрийг сольж Цэвэгжавын Энхсайхан гэж нэрлэсүгэй гэж заасан /цагаан дээр хараар баримттай бичигдсэн/ байдаг. Иргэн Ц.Энхсайханд Ц.Энхбаатар нэрээр 54 дугаарын төрсний гэрчилгээ олгосныг Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолд дурдаж, нотолж байна.

Тус тогтоолыг үндэслэн Ц.Энхбаатарыг Ц.Энхсайхан болгон нэрийг өөрчилж, овог нэр өөрчилсний бүртгэл хийгдсэн болно.

Нэр өөрчилсөн байдал

Гуравдугаарт, талийгаач Ж.Гантөмөр нь “Зэндмэнэ хурх” ХХК болон Богдхан уулан дахь “Төр хурх”-ын газрын өмчөө өөрийн төрсөн дүү Ж.Алтанцэцэгийн нэр дээр шилжүүлжээ гэж мэдээлсэн буй. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Зэндмэнэ Хурх” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэг гишүүнтэй үүсгэн байгуулагдаж, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр Ж.Алтанцэцэг бүртгэгдсэн байдаг. Тус компанийн бүртгэлд Ж.Гантөмөр огт хамааралгүй бөгөөд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан нь доор зурганд буй.

Харин “Зэндмэнэ инвест” ХХК-ийн тухайд 1992 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тухайн үеийн ягаан тасалбар буюу өмч хувьчлалаар 34 гишүүнтэй “Зэндмэнэ инвест” бүрэн бус хариуцлагатай компани гэх нэрэн доор байгуулагдсан. 34 гишүүний нэг нь Ж.Гантөмөр юм. Үүнээс хойш 4 жилийн дараа буюу 1996 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 28 гишүүнтэйгээр “Зэндмэнэ Инвест” ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдсөн байгааг доорх зурагнаас харж болно. Тухайн үеийн хувьчлалаар олон гишүүнтэйгээр байгуулагдсан тус компани нь 2006 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Энэ цагаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, аж ахуйн нэгжийн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй болно.

-Энэ асуудалтай холбоотойгоор Ц.Энхсайханы гэр бүл шүүхэд хандсан гэсэн. УБЕГ-ын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?  

Ц.Энхсайхан, Ж.Гантөмөр нарын гэрлэсний бүртгэлтэй холбоотой маргааныг иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгэн хянаж байна. Нийгэмд үүсгэсэн буруу ташаа мэдээлэл болон энэ асуудлын үнэн зөвийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдэнэ хэмээн хүлээж байна.

Бид Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1.11-д хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг, мөн хуулийн 8 дугаар зүйлд “Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах” тухай 8.1-д мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна” гэж заасантай холбогдуулан хувь хүний нууцад хамаарах хэсгийг /зурагнаас/ нуусан болно.