Хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар тохирлоо
2023.03.01

Хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрт хамтран ажиллахаар тохирлоо

Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-оос санаачилсан Азийн авто замын сүлжээ, транс-Азийн төмөр замын сүлжээ, хуурай боомтын зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд нэгдэн орж, идэвх санаачилгатай ажиллаж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзах үеэрээ онцоллоо. Уулзалтаар хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохирлоо.

Засгийн газар, ЗТХЯ бодлогын хүрээнд төмөр зам, авто зам, автотээвэр зэрэг тээвэр логистикийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Ярант чиглэлийн АН-4 чиглэлийн тээврийн коридорыг нээж, тээвэрлэлтийг эхлүүлсэн. Түүнчлэн үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж, энэ жил баруун босоо Арцсуурь-Шивээхүрэн, зүүн босоо Эрээнцав-Бичигт чиглэлд төмөр замын төслийг эхлүүлэхээр болсныг сайд хэллээ.

Тэрбээр, бид ачаа тээврийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, шуурхай нэвтрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхийн тулд хуурай боомт байгуулах шаардлага тулгарч байна. Эхний ээлжинд нийслэлд буюу Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Замын-Үүдэд байгуулан, цаашдаа баруун чиглэлд Ховд, зүүн чиглэлд Дорнод аймагт хуурай боомт байгуулахаар төлөвлөж байна.

Иймд Монгол Улсад байгуулах хуурай боомтын ТЭЗҮ-ийг боловсруулах, дэд бүтцийн холболт, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлох, хуваарилах, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийг цогц байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүднээс дараах техникийн туслалцааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэх байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн АНДЭЗНК-ын "Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хооронд"-ын хэлэлцээрт Ховд-Алтай-Баянхонгор-Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг нэмэлтээр тусгаж, Азийн авто замын сүлжээний албан ёсны чиглэл болгон оруулахад анхаарч дэмжиж өгөхийг хүсэв.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат.Армида Алисжабана Монгол Улс тээвэр, логистикийн хөгжилдөө ихээхэн анхаарч, томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаад талархалтай хандан, хуурай боомт байгуулах, төмөр замын төслүүдэд техникийн болон шаардлагатай бүх талаар дэмжин хамтран ажиллахаа хэллээ.