Арав гаруй жил яригдсан ч ажил болоогүй байгаа Тяньжин төслийг хөдөлгөнө
2023.02.10

Арав гаруй жил яригдсан ч ажил болоогүй байгаа Тяньжин төслийг хөдөлгөнө

Монгол Улсын импортын ачааны 88 хувь нь Тяньжин боомтоор тээвэрлэгддэг. Тиймээс одоогоос 19 жилийн өмнө анх яригдаж, 2009 онд санамж бичиг байгуулагдан, улмаар 2013 болон 2019 онд Засгийн газрын тогтоолоор баталгаажсан Тяньжин төслийг гацаанаас гаргаж ажил хэрэг болгохыг чухалчилж байна.

БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсад Тяньжин хотын Дунзяны гаалийн баталгаат боомт бүсэд 10 га газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон ч бид өнөөг хүртэл үр дүнтэй ашиглаж чадаагүй өдийг хүрсэн. “Тяньжин Порт Групп” ХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа энэ асуудлыг хөндлөө. Монгол-Тяньжиний худалдаа хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийн ажлыг эхлүүлнэ.

Энэ хүрээнд “Монголиан порт групп" ХХК-ийн дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, тус төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах гадаад дотоод компанийг сонгон шалгаруулах ажлыг 2023 оны эхний хагаст багтаан шийдвэрлэх болно.
Цаашид уг төслийг хэрэгжүүлэхэд сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллана.

Энэ төсөл хэрэгжсэнээр:

  • Улс хоорондын тээвэр логистикийн сүлжээг боловсронгуй болгоно.
  • Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа болон зардал багасна
  • Далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүд амжилттай хэрэгжинэ.
  • Эм, хүнс зэрэг нэн яаралтай ачааг бусад ачаанаас тусад нь бүртгэж ачиж байх боломж бүрдэнэ.