2023.02.20
Миний мэдэх битүүний өдөр...
Аав өглөө эртлэн босож битүүлгийн мах ууцаа чанаж эхэлнэ. Ээж эгч нарт гэр цэвэрлэх, угааж арчих ажлыг яг таг хуваарилна. Ах нар түлээ, ус зөөхөөс эхлээд аавд хамжилцана.
Бидний бага нөхөд битүүний өдрийн учрыг үл мэдэх ч гэр орон, хашаа хороо гэрэл нэмж цэмцийхээр эрхгүй хөөрнө. Эхээс 11 дэх хүүхдийн 10 дахь нь би. Дүү бид 2 -т таарах ажил ховор. Гэр дээр гараад цас цэвэрлэж буй нэг охины зургийг харахаар битүүний өдөр эрхгүй санаанд буудаг юм. Манай гудамж Мөрөнгийн хүрээтэй их холбоотой. Манайхныг шар тосны гудамжныхан гэж нэрлэнэ. Өвөө эмээ нар маань Мөрөнгийн хүрээний хийд орны зулын гол ороож, шар тосыг нь даадаг улс байжээ. Манай аав хэвийн боовоо өөрөө хийнэ.
Амттай ч хийнэ. Бид хээг нь идэх гэж хорхойсно. Идээ будаа ширээ дүүрч, буузны уур манан хөөрч гэрийн тооно цана татна. Аав минь том биетэй хүн л дээ. Дээлээ өмсөөд хойморт суугаа нь гэр дүүрээд их сайхан санагддаг байж билээ. Ээжээр цай хоол аягалуулах их сайхан. Бүх юм гэрийн тотгон дээрх 3 мөс шиг гялтганаж, хараа булаана. Битүүн гаднаа ч тэр, дотроо ч тэр цэв цэвэрхэн, бүх юмаа яв цав сайхан болгож, ирэх жилээ ариун тунгалаг, хир буртаггүй сэтгэлээр угтах бэлэг ерөөл дүүрсэн сайхан өдөр өө.