Хүүхдийн тоогоор тэтгэмж авна
2010.01.20

Хүүхдийн тоогоор тэтгэмж авна

Иргэн н.Үүрээгийн www.vip76.mn сайтад хандсан хүсэлтийн дагуу хариулт өгч байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх, 192 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны  тэтгэмжийн хэмжээ, хугацаа гэсэн зүйл заалтаар тэтгэмж авах юм байна. Хуульд хоёр ихэр хүүхдэд гэсэн тусгайлсан ойлголт байхгүй. Харин хүүхэд тус бүрийн тоогоор зохицуулагдах юм байна. Ихэр хүүхэдтэй холбоотой Засгийн газрын 37 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолд хоёр ихэр хүүхдийг тусгайлан заагаагүй байв. Тогтоолд нэмэлт өөрчлөлт одоогоор ороогүй байна.

Дор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн заалт болон Засгийн газрын 37 дугаар тогтоолыг бүрэн эхээр тавилаа.  
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

191 дүгээр зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх

1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

3. Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.  Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

192 дугаар зүйл. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа

1. Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

/Энэ бүлгийг 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ИХЭР ХҮҮХДИЙГ УЛСЫН ЗАРДЛААР АСРАМЖЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

1992 оны 02 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 37
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Гурав, түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл улсын зардлаар асрамжлах тухай журмыг Эрүүл мэндийн яам, Сангийн яамтай хамтран баталж мөрдүүлэхийг Хөдөлмөрийн яаманд даалгасугай.
Монгол улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД
Хөдөлмөрийн сайд Ц.ЦОЛМОН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.