Төрийн ордонд сэтгүүлчид дундаа нэг үнэмлэхээр орно
2010.01.15

Төрийн ордонд сэтгүүлчид дундаа нэг үнэмлэхээр орно

Энэ талаар Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчдийн үйл ажиллагааны сүүлийн нэг жилийн судалгааг үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд квот тогтоож, квотын дагуу тусгай зөвшөөрөл бүхий үнэмлэх гаргажээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд өөрсдийнхөө нэрээр бус албан байгууллагынхаа нэр дээр гарсан тусгай нэг үнэмлэхээр Төрийн ордонд нэвтрэхээр боллоо.

Төрийн ордонд нэвтрэхийн хүссэн сэтгүүлч ордны хойд гол хаалганы хамгаалалтын ажилтанд ажлын үнэмлэхээ хураалгаад, өөрийнхөө байгууллагын нэр дээрх дундын үнэмлэхээ авч дотогшоо орох юм байна. Ингэхдээ сэтгүүлчийг албан газраас нь ирүүлсэн нэрсийн бүртгэлтэй тулгаж байж нэвтрүүлэх бөгөөд гарахад нь ордны үнэмлэхийг хурааж авч, ажлынх нь үнэмлэхийг буцааж өгөх гэнэ.

Ямар ч тохиолдолд сэтгүүлчид тухайн байгууллагад олгосон квотод захирагдах ёстой бөгөөд нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй хүнийг оруулахгүй юм байна. Хэрэв уг үнэмлэхийг гээж үрэгдүүлбэл 20 мянган төгрөгийн торгуультайгаар нөхөн олгох мөн 2 сарын хугацаагаар төрийн ордонд навтрэх эрхийг нь хасах юм. Мөн төрийн ордонд сэтгүүлчид хэрхэн биеэ авч явах, аюулгүй байдлыг хангах, ажил үүргээ явуулах дүрмийг уг журамд нарийвчлан тусгажээ.

Одоогийн байдлаар 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаас ордонд нэвтрэх зөвшөөрөл хүссэн албан бичиг, нэрсийн жагсаалтаа ирүүлээд байгаа бөгөөд одоо үнэмлэхтэй байгаа сэтгүүлчдээс гурав дахин цөөн хүнийг Төрийн ордонд ажиллуулахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.