“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн туршлага солилцох уулзалт болов
“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн зорилтот сургууль болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль дээр төслийн 2 дахь жилийн зорилтот сургууль болох Өвөрхангай аймгийн Уянга сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хамт олны төлөөлөл ирж, тэдниЙ туршлагуудтай 2022 оны 12 дугаар сарын 6-7-нд танилцлаа.
Энэхүү уулзалтаар Бага болон дунд ангийн хүүхэд хөгжлийн танхимтай танилцах, ТХХ-тэй ангийн хичээлд ажиглалт хийх, Хөгжүүлэх сургалтын үйл явцтай танилцаж, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн үзэх, төслийн хүрээнд сургуулийн дотоодод хэрэгжүүлж байгаа ажлын үйл явц, тайлантай танилцах, багш нарын Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөтэй танилцах, зөвлөгөө авах, “Найзын хөтөлбөр”-тэй танилцах зэрэг үйл ажиллагаа болов.
Ерөнхий боловсролын 2-р сургуулийн захирал Ц.Болдмаа: Энэхүү төсөл манай сургуульд хэрэгжиж эхэлснээр багш, сурагч, эцэг эх, сургуулийн ажилтнуудын хувьд Тусгай хэрэгцээтэй хүүхдийг харах өнцөг, хандлагад маш их өөрчлөлт гарч байгаа. Энэ нь төслийн хүрээнд манай багш нар мастер сургалтад хамрагдаж ирээд сурагчид, багш нар, эцэг эхчүүд рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийт хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа гэж бодож байна.
Өмнө нь Тусгай хэрэгцээтэй гээд хүүхдийг ялгах, тусгаарлах, сэтгэл зүйг нь гэмтээх асуудлууд олон гардаг байсан бол одоо сургуулийн орчинд энэ асуудлууд багассан. Манай сургуулийн онцлог бол тусгай бүлэгтэй. Тусгай бүлэг маань энгийн хүүхдүүдтэйгээ адил нэг сургуульд хичээллэдэг. Тус бүлгийн хүүхдүүдийг энгийн ангийн сурагчид хараад айх эмээх, шоглох гэх мэт асуудлууд гарахаа больсон нь төслийн үр дүн гэж харж байгаа. Бусад сумдаас болон аймгийн төвийн сургуулиас ТХХ-тэй эцэг эхчүүд манай сургуульд хандаж шилжин ирэх хүсэлт эрс нэмэгдсэн. Энэ бол төслийн олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны үр дүн болов уу гэж бодож байна. Зориод ирсэн Уянга сумын 1-р сургуулийн хамт олон маань маш олон зүйлийг олж харж, олон шинэ санаа, туршлага хуримтлуулж явах байх гэдэгт итгэлтэй байна.
Уянга сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн бага боловсрол хариуцсан сургалтын менежер Ц.Оюунжаргал: Энэхүү туршлага судлах үйл ажиллагаар олон зүйлийг багш нар маань олж авлаа. Миний хувьд багш нартаа сэтгэл зүйн дархлааг нь бий болгох үүднээс мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн сургууль дээр очиж туршлага судлах хэрэгцээ байна гэдгийг төслийн багт уламжилж, төслийн баг ч энэхүү саналыг хүлээж авч, ажил хэрэг болгож хэрэгжүүлж байгаад баяртай байна. Яагаад багш нарын сэтгэл зүйн дархлааг суулгах гэж яриад байгаа вэ гэвэл шинэ төгсөж ирсэн багш нарын ангид тусгай хэрэгцээтэй сурагч ороод ирэхээр багш нарт арга зүй дутагдаж, шинэ багш нар ажлаасаа шантрах үе тохиолдох гээд байдаг тул энэхүү саналыг гаргасан. 2-р сургуулийн багш нар туршлагаа түгээн дэлгэрүүлэх тал дээр үнэхээр сэтгэл гаргаж, бидэнд хийсэн ажлуудаа маш сайн танилцуулж, арга зүйн зөвлөгөө өглөө. Сургуулийг зорьж ирэхдээ багш нарт сэтгэл зүйн дархлааг суулгаад явах юмсан гэж бодож байсан бол энэ зорилго маань биеллээ. Энэ 20 хүүхэдтэй 1 багш ингэж ажиллаж байхад би 1 хүүхэдтэй олон янзаар ажиллах боломжтой гэдгийг энд ирсэн багш нар ойлгож авсан байх гэж бодож байна. Мөн багш нарын хэрэгжүүлсэн олон ажилтай танилцаж, ганцхан ТХХ гэлтгүй сургуулийн нийт сурагчдаа хэрхэн тэгш оролцоотой үйл ажиллагаандаа хамруулах вэ? Сургуулийн сурагчдадаа хэрхэн тэгш хамруулах соёлыг түгээх ёстой вэ гэх мэтээр дэлгэрэнгүй ойлголттой болсондоо баяртай байна. Ирж туршалага судалсандаа сэтгэл дүүрэн байна.
Уянга сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Ц.Ундрах: Энэ 1,5 өдрийн хугацаанд олон зүйлтэй танилцаж, сурч мэдлээ. Би ахмад багш. Манай ангид тусгай хэрэгцээтэй хүүхэд сурдаг. Анх хүүхдээ орж ирэхэд яаж ажиллах талаар арга зүй дутагдаж, сэтгэлээр унах, шантрах тохиолдол гарч байсан. Харин одоо бидэнд маш давуу тал бий болж, төсөл хэрэгжиж байгаа нь бидэнд маш их арга зүйн дэмжлэг болж байгаа. Төслийн хүрээнд сургалтад сууж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг өөрийнхөө хувьд боловсруулж ашиглаж байсан. Өнөөдөр 2-р сургуулийн төлөвлөгөөтэй танилцсаны дараа бид ГСТ-г их хүндээр хүлээж авч, агуулга ихтэй хийжээ гэсэн өөрийн алдаагаа олж хараад шинээр олон зүйлийг мэдэж аваад явж байна. Бидний анхаарах ёстой зүйл нь ТХХ-ийг заавал энгийн хүүхдүүдтэйгээ ижил агуулгаар хичээл заах гээд, тэр агуулгаа ойлгуулах гээд хичээгээд, түүнээсээ ахиц, амжилтыг нь үнэлэх гээд байдаг. Гэтэл тусгай хэрэгцээтэй хүүхдийн хувьд тухайн хүүхдийн давуу тал дээр нь тулгуурлаж ГСТ-г бичиж, хөгжүүлээд бага ч гэсэн ахиц амжилтыг үнэлж байх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Хүүхдийг хөгжүүлэх маш их нөөц боломж байдаг гэдгийг тусгай бүлгийн багш нарын хичээл болон ТХХ-тэй хүүхэдтэй энгийн ангид сурч байгаа хүүхдүүдийн ангид суусан хичээл ажиглалтын дараа олж харлаа. Залуу багш нар маань маш их азтай байна. Учир нь бидэнд ийм боломж олдож, өөрсдийн ажилдаа тусган хэрэгжүүлнэ гэдэг маш их ололт юм. Мөн залуу багш нар хүүхэдтэйгээ ажиллая, олон шинэ санаа гаргая, тусгай хэрэгцээтэй хүүхдийг хөгжүүлэх олон боломж байдаг юм байна гэдгийг олж авч, урам зориг, итгэл дүүрэн байгаа байх гэдэгт итгэлтэй байна.
Уулзалтын нэг чимэг нь тусгай бүлгийн сурагчдын урлагийн тоглолт байлаа. Сонсголын бэрхшээлтэй ч багшийгаа харж дуурайн бүжиглэж, хэл ярианы бэрхшээлтэй ч дуу дуулж байгаа сурагчдыг харж багш нар нулимс дуслуулан, багшаас суралцаж, багшийг бахархаж, хүүхдүүдийг хайрлаж, үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой гэдгийг олж харсан сайхан үйл ажиллагаа боллоо.