Ц.Элбэгдорж: Ирэх оны 6 дугаар сард манай улс засгийн газрынхаа хуралдааныг говийн элсэн манхан дунд хийх гэж байна
Долоон мянган бээрийн тэртээгээс би ярих гэж биш, ажиллах гэж ирсэн. Би зовлон тоочих гэж бус, харин хувь нэмрээ оруулах гэж ирсэн
Хурлын дарга аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи энэхүү бага хурлыг үзэсгэлэнт сайхан Копенгаген хотноо өндөр түвшинд зохион байгуулж байгаа Данийн Засгийн газарт талархлаа илэрхийлье.
Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа орнуудын нэг болох Монгол Улсаас би хэлэх үгтэй ирлээ. Бидний буруу үйлдлээс үүдэлтэй энэ алдааг засч болох санал санаачлагатай ирлээ.
Мөсөн уул хайлж, дэлхийн нам дор газрууд усанд автах аюул нэмэгдэж байгаа бол, дэлхийн өндөрлөг газар нутаг хуурайшиж, цөлжиж байна. Уур амьсгалын өөрчлөлийн бас нэгэн үр дагавар болох элс, түйрэн, хуурай шорооны дэгдэлт нэмэгдэж, улам бүр хуурайшиж байна. Монгол бол тэдгээр орнуудын нэг юм. Хуурай газарт уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж, нөлөөлж байгааг харж болох тод жишээ бол Монгол Улс юм. Газар нутгийн маань 70 орчим хувь нь хатаж гандлаа. Жилийн дөрвөн улирлын зааг ялгаа бүдгэрч, гол горхины маань гуравны нэг нь хатаж байна. Өвөл зуны агаарын температурын хэлбэлзэл 100 градус хүрч байна.
Уур амьсгалын өөрчлөлт байгаль орчинд төдийгүй бидний амьдралын хэв маягт нөлөөлж эхэллээ. Олон зуун жил байгаль орчинтойгоо зохицон амьдарч ирсэн бахдам түүхтэй соёл иргэншилд маань заналхийлж байна. Малчин ардын маань амьжиргааны эх үүсвэрт нөлөөлөхөөс гадна олон хүний амьд байх эсэхэд аюул занал учруулж байна. Урьд цагт байгалийн гамшиг болоход монголчууд хол нүүгээд явчихдаг байсан. Хатуу хил хязгаартай болсон одоо цагт бол бид нүүж чадахаа байлаа.
Одоо бид энэ асуудлыг хамт шийдэх хэрэгтэй болж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн шударга бус гэж хэлж болох энэ байдлын нэг туйл нь Монгол Улс мөн боловч, нөгөө талаас, учирч байгаа энэ гамшгийн эсрэг дайчилж болох нөөц бололцоо бидэнд бий.
- Монгол бол дэлхийд хосгүй тал хээрийн эх орон. Монгол бол хамгийн өргөн уудам газар нутагтай орнуудын нэг. Манай 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутаг дэлхийн хүн амын хамгийн бага нягтралшилтай нутаг.
- Монгол сэргээгдэх эрчим хүчний том төв байж болно. Жилийн 300 гаруй өдөр нь нартай байдаг манай орон азид, дэлхийд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэгч төв байж чадахаар байна.
- Манай улс газар нутгийнхаа 30-аад хувийг тусгай хамгаалалтанд авахаар шийдвэрлэж, энэ зорилтоо хэрэгжүүлж байна.
- Бид, эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбараас олох орлогын 10-15%-ийг байгаль орчныг хамгаалахад зориулах болно.
Хүндэт зочид оо,
Ирэх оны 6 дугаар сард манай улс засгийн газрынхаа хуралдааныг говийн элсэн манхан дунд хийх гэж байна. Тэр үеэр Та бүхэн зочлон ирж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахыг урьж байна.
Өнөөдөр дэлхийн лидерүүд, эрдэмтэн судлаачид, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийн талаар маргалдаж байна. Монголд очоод үз, малчидтай уулз гэж би та нарт хэлмээр байна. Тэд үнэнийг хэлэх болно.
Бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээнүүдээ танилцууллаа. Харин та бүхэн ямар зорилтууд тавьж байна вэ?
Уур амьсгалын өөрчлөлтийн талаар тодорхой тохиролцон баталгаажуулсан хэлэлцээр байгуулахыг бид Та бүхэнд уриалж байна. Өнөөдөр бидний хувьд хоёр зүйл тов тодорхой байгаа. Энэ нь:
1. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах ёстой
2. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд санхүүжилт хэрэгтэй байгаа. Гэхдээ санхүүжилт олгох шалгуур нь ил тод, зорилго нь тодорхой, арга зам нь ойлгомжтой байх ёстой.
Ноён дарга аа,
Манай дэлхийн үе үеийн удирдагчид тухайн цаг үеийнхээ хүн төрөлхтөний өмнө тулгарч байсан том сорилтуудыг шийдвэрлэж ирсэн. Бид НҮБ-ыг байгуулж, олон улсын харилцаанд шинэ тогтолцоо тогтоож чадсан. Одоо НҮБ- ын үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж чадахуйц утга агуулгаар баяжуулах хэрэгтэй байна. Эрхэмсэг ноён НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Та бүү бууж өгөөрэй. Бид хамт байна. Энэ ажлыг бид л хийнэ, бид л шийдлийг олох учиртай. Долоон мянган бээрийн тэртээгээс би ярих гэж биш, ажиллах гэж ирсэн. Би зовлон тоочих гэж бус, харин хувь нэмрээ оруулах гэж ирсэн.
Дэлхийн 110 гаруй лидерийг нэгэн дээвэр дор, нэгэн зорилгоор цуглуулж чадсанаараа Копенгаген бол амжилт юм. 1000 гаруй жилийн түүхтэй Копенгагены түүхэн том амжилт бол энэ болох юм. Дэлхийг аврахын төлөө гаргаж буй хүчин чармайлтын чинь төлөө Баярлалаа Копенгаген аа.
Баярлалаа.