Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Ерөнхий сайд С.Батболдод санал хүргүүллээ
Санал хүргүүлэх тухай
Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр хүнсний буудай худалдан авч нэмж байршуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгатай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танилцаад уг асуудлыг зарчмын хувьд дэмжиж, дараах асуудалд анхаарч ажиллахыг хүссэн болно.
НЭГ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн улаан буудайн сангийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх. Үүнд:
А/ Улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн буудайны чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, 2009 оны намар Дархан-Уул аймаг дахь агуулахад хүлээн авсан 30 мянга гаруй тонн улаан буудай нь чанарын шаардлага хангахгүй байгаа тухай, Сэлэнгэ аймгийн Хөтөл болон Төв аймгийн Цээл сум дахь улаан буудайн нөөцийн агуулахын буудайн чанар хангалтгүй, хадгалалтын горим алдагдзсан тухай аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирүүлж байгаа санал, шүүмжлэлд анхаарлаа хандуулах,
Б/ Улсын нөөцийн санд буудай худалдан авахдаа аж ахуйн нэгжүүдээс буудайг пүүлж хэмжиж авалгүй тэдний мэдүүлснээр гэрээ хийж төлбөр барагдуулдаг, эцсийн дүндээ гэрээгээр авсан буудай тоо хэмжээндээ хүрч байгаа эсэх тухай иргэдийн мэдээллийн мөрөөр буудайн нөөцийн чанарын болоод тоо хэмжээний үзлэг, тооллого явуулах. Энэхүү үзлэг, тооллогыг аль болох олон түмний оролцоотой, хяналт тавих боломжийг бүрдүүлж гүйцэтгэх,
В/ Улсын хөрөнгөөр худалдан авч байгаа буудайн тоо хэмжээ, чанар, аж ахуйн нэгж байгууллага, чанар шалгаж хариуцан хүлээн авсан албан тушаалтны тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод, нээлттэй зарладаг тогтолцоог бүрдүүлэх,
Г/ Сайн чанарын буудайг үнэ дарж авдаг, танил талаасаа тааруухан буудайг өндөр үнээр авч, том саванд нийлүүлж чанарыг дунджилдаг. Эцэст нь ямар аж ахуйн нэгжээс авсан буудай муу чанартай болох нь тогтоогдох боломжгүй болж, хариуцлага тооцох аргагүй болдог тухай,
Д/ 2008 онд Монгол улсыг хөгжүүлэх санд хүлээн авсан буудайн үнийг тогтоохдоо салбарын яам нь дэлхийн зах зээлийн тухайн үеийн үнэ ханшийг харгалзаагүй. Тухайн үед 1 тонн улаан буудай Блюмбергийн бирж дээр 256,1 мянган төгрөг, Казакстан улсад 256 мянган төгрөг байхад Монгол Улсын Засгийн газар 400 мянган төгрөгөөр буюу дэлхийн болон хөрш орны зах зээлийн үнээс тонн тутамд 143-155 мянган төгрөгөөр дээгүүр үнэ тогтоож, мөн 11,1 тэрбум төгрөгийн урамшуулал давхцуулан олгосон нь оновчтой хөрөнгө оруулалт болсон эсэх,
Е/ 2008 онд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан 1 тонн улаан буудайн өөрийн өртөг нь урамшуулалын хамт 480 мянган төгрөгт хүрсэн хэдий ч өндөр үнэтэй, чанар муутайгаас худалдан борлуулах боломжгүй болж, улмаар 6-10-н сарын дараа үнийг 330 мянган төгрөг болгон бууруулж, тонн тутмаас 150.0 мянган төгрөгийн алдагдал улсад учруулсан тухай УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төв судалгаа хийж, тодорхой дүгнэлт гаргасныг анхаарах,
ХОЁР. Энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаанд салбарын яамнаас оруулсан танилцуулгад өнгөрсөн жилүүдэд нөөцөлсөн улаан буудайн үлдэгдэл тоо хэмжээ, хадгалалт хамгаалалт, үнийн байдал, ашиг алдагдлын талаар мэдээлэл байхгүй, УИХ-ын 2008 оны 42 дүгээр тогтоолоор өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар тодорхой дүгнэлт байхгүй байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандаж байна.
Түүнчлэн улсын нөөц сангуудад байгаа үрийн болон хүнсний улаан буудайн чанар стандартын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2007-2009 онуудад хийсэн шалгалтын дүнг Засгийн газар авч хэлэлцэх нь зүйтэй байна.
Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэхийн тулд төрөөс ихээхэн хөрөнгө хүч гаргаж байгаа нь зөв зүйтэй хэдий ч, төсвийн хөрөнгийг зөв ашиглах, оновчтой менежмент хийх, ялангуяа төр өөрөө улаан буудайн агуулахын аж ахуйг хэт өргөжүүлж, буудай худалдан авалтын дийлэнхи хувийг гүйцэтгэж байгаа өнөөгийн энэ төвлөрсөн тогтолцоогоо эргэн харж, улаан буудайн агуулахын аж ахуйг томоохон хувийн хэвшлийн тариалангийн аж ахуй, гурилын үйлдвэрүүдэд төвлөрүүлэх, тэднийг зах зээлийн зөв жишгээр хөгжих, буудайн нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, улс орон, ард түмнийхээ өмнө төр болон буудай хадгалах хувийн хэвшлийн байгууллага харилцан хариуцлага хүлээх чиглэлээр ажиллавал зүйтэй байж болох юм гэсэн байр суурьтай байна.
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ДОРЛИГЖАВ