“Белая дача”-д зочлов
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, УИх-ын гишүүн Г.Баярсайхан нар
2009.12.11

“Белая дача”-д зочлов

ОХУ-ын Төрийн Думын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Төрийн байгуулалтын байныгн хорооны дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тэргүүнтэй төлөөлөгчид энэ сарын 10-ны өдөр Москвагийн ойролцоо байдаг тариалан үйлдвэрлэлийн “Белая дача” цогцолборт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хөдөө аж ахуйн эл цогцолбор бүтээгдэхүүний чанар, нэр хүнд, үйлдвэрлэлийн цар хүрээний хувьд Оростоо тэргүүлдэг юм байна. Эднийх хүлэмжийн тариалан голлон эрхэлж, ногооны салат хэлбэрээр бэлэн бүтээгдэхүүн болгон савлаж сүлжээ дэлгүүрүүдээрээ дамжуулан Москва хотынхны хэрэгцээнд нийлүүлдэг аж. Хоёр жилийн өмнөөс дэлхийд алдартай “Макденольдс” компанийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлээ өргөтгөснөөр хүлэмжийн байгууламжаа гурав дахин томсгон, Москвагаас гадна Санкт-Петербург, Екатеринбург хотод сүлжээ дэлгүүрээ нээж түргэн хоолны цэгүүдийг хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээр хангадаг болжээ.

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл аваад байгаа.

Цаашдаа хүнсний ногооны хольцоо махнаас эхлээд бусад бүтээгдэхүүнтэй хамт савлаж бэлэн хоол болгон түгээх замаар нэр төрлийг олшруулж, зах зээлээ тэлэхээр ажиллаж байгаа аж. Хүнсний ногооны үрээ дотоодын зах зээлээс гадна Итали, Испани, Туркээс авдаг юм байна.
Арван мянга орчим ажиллагсадтай, 150 орчим нэр төрлийн хүнсний зүйлийг захиалгаар бэлтгэдэг, захиалга ихтэй үед гурван ээлжээр ажиллан үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг гурван цагт багтааж биелүүлдэг. Үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж салбартаа тэргүүлэх компани болж чадсан ч хямрал биднийг тойрсонгүй, ашиг орлого буурах хандлагатай байна.

Гэхдээ хямралыг давахын тулд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл аваад байгаа. Ингэснээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэх болно гэдгээ компанийн залуухан ерөнхий захирал А.В.Семенов төлөөлөгчдөд танилцуулж байлаа.
Тус цогцолбор нь бас цэцгийн хүлэмжийн томоохон аж ахуй эрхэлдэг агаад энд 300 гаруй нэр төрлийн цэцэг, 200-гаад нэр төрлийн үрсэлгээний ургамал тариалдаг аж. Мөн 120 морь бүхий морин спортын сургалтын төвтэй, энэ төвдөө түшиглэн 300 гаруй хүүхдийг морин спортод сургаж бэлтгэхээр төлбөрийг компани даадаг юм байна. Энэ ажлыг эхлүүлэхэд улсаас зориуд анхаарч хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн ажээ.

ОХУ-ын Төрийн Думд 18 гишүүний бүрэлдэхүүнтэй Орос-Монголын парламентын бүлэг ажилладаг. Тус бүлгийн гишүүдийн нэг нь “Белая дача” цогцолборын эзэн В.А.Семенов аж. Тэрбээр тухайн үедээ ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, одоо ОХУ-ын Төрийн Думын гишүүн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.