Тариаланчдад туслах аян үргэлжилсээр...
2009.10.23

Тариаланчдад туслах аян үргэлжилсээр...

“Атар гурав аян”-ы хоёр дахь жилийн ургац хураалтын ажил дуусах шатандаа явж байгаа билээ. 2009 онд тариалсан талбай өмнөх жилүүдийнхээс эрс өсч эх орны хөрсөнд ургасан буудай, төмс хүнсний ногоогоор хүн ардынхаа хүнсний хэрэгцээний дийлэнхийг хангах нөхцөл бүрдсэн юм.

Энэ намрын ургац хураалтын ажил ид өрнөж байсан 9-р сарын 18-20-ны өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болсон билээ. 80 гаруй мянган га талбай цасанд даруулсан цаг агаарын аюултай энэ үзэгдлийн улмаас ургац хураах ажилд нэмэгдэл тоног төхөөрөмж хүч хөрөнгө ихээхэн шаардлагатай болсон. Энэ үед ХХААХҮЯ-ны хамт олноос “Ширхэг буудайн төлөө” аяныг санаачилж нэг өдрийн цалингаа хандивласан. Энэ аянд олон аж ахуйн нэгж, байгууллага хамт олон идэвхитэй оролцож байна. Ургац хураалт ихэвчилж байгаа ч тариаланчид маань налсан тариаг хаягдалгүй хураан авахын төлөө шөнө өдөргүй ажиллаж байгаа. Налсан тариаг хураахад комбайны хамгийн хүнд буюу нэгдүгээр араагаар удаан явж байгаа гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тэр хэрээр цаг алдаж, шатахуун зарцуулж, зардал өсч байгаа билээ.

Тариаланчдад туслах “Ширхэг буудайн төлөө” аянд одоо ч сайхан сэтгэлт хүмүүс нэгдэн сэтгэлийн дэмээ илгээж байна. Уржигдар Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн оюутны зөвлөлөөс 750 ширэг бээлий хандивласан бол, өчигдөр Петровис Ник компанийн хамт олноос тариаланчдад зориулж өгч байгаа арван сая төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал С.Сүхбаатар ХХААХҮЯ-ны ТНБД Т.Гантулгад гардууллаа. Энэ аянд 30 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгдэж хандив өргөсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.