Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийв
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Атрын III аян болон өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийв.
Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2009 онд 392.9 мянган тонн үр тариа, 156.0 мянган тонн төмс, 81.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авсан байна. Энэ нь жилийн хэрэгцээт буудайны 97.0, төмсний 100.0, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн гэсэн үг юм.
Цаашид буудай, гурил, төмсний хэрэгцээг дотооддоо хангах хэмжээнд хүрч, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад хүндрэл учирч болзошгүй байгаа тул үр тарианы албан татварыг жилийн турш 5 хувиар тогтоож байсныг 2009 оны 12 дугаар сараас эхлэн 15 хувь, төмс болон гурилын татварыг сарын ялгаагүйгээр 15 хувь болгон тус тус нэмэгдүүлэх саналыг үйлдвэрлэгчид, салбарын яам гаргасныг судалж байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдав.
Өнгөрсөн жил манай улс 43,3 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 14,8 сая мал төллөж, 13,9 сая төл бойжиж байна. Улсын хэмжээнд 48,2 сая мал өвөлжихөөс 21 аймаг, нийслэлийн 5,4 сая мал өөр аймаг, сумын нутагт оторлож байна.
Засгийн газар мал аж ахуйн салбарт анхаарч шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд улсын хэмжээнд 957,2 мянган тонн өвс, 124,0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэжээ.
Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутагт гангийн байдлыг тогтооход дээрх аймгуудын нийт нутгийн 80 хүртэл хувь нь гантай байгаа нь тогтоогдсон байна. Иймээс Засгийн газар 5 аймгийн улсын нөөцийн 10 цэгт өвс тэжээл татан байршуулах, отроор яваа малчдад эрүүл мэнд, нийгмийн болон төрийн үйлчилгээ үзүүлэх, худаг гаргахад шаардагдах хөрөнгийг гаргажээ.
Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Өмнөговь аймагт өвөлжилт онцгой хүндэрч болзошгүй учир Засгийн газар хоёр удаа хуралдан өвс, тэжээл улсын нөөцөөс гаргаж худалдах, нөхөн байршуулах, малын эм, биобэлдмэл олгох, зохион байгуулалтын зэрэг олон арга хэмжээ авах болсон байна.
Цаашид өвөлжилтийг хэрхэн зохион байгуулах, малчдад төрийн болон нийгмийн үйлчилгээг сайжруулах талаар удахгүй болох аймаг, нийслэлийн Засаг дарга нарын зөвлөгөөний үеэр хэлэлцэн, үүрэг даалгавар өгөхөөр төлөвлөжээ.
“2010 оныг “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх жил болгох, энэ бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлж, мал сүргээ эрүүлжүүлэн, хөрш болон сонирхогч орнуудад мал, мах экспортлох шаардлагатай. Халдварт өвчнийг нь эмчлэхгүй бол хэдэн сая мал, хичнээн мянган тонн мах байгаад ч эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй. Иймээс нэр бүхий гишүүдийн боловсруулсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлахыг Засгийн газар дэмжиж байна” гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
Ерөнхий сайд С.Батболдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.