Л.Оюун-Эрдэнэ: Ахмадууд бол залуу үе, дунд үе, ахмад үеийн алтан гинж юм
Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын холбооны VI-р чуулган боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намын цахим бүртгэлд бүртгэгдсэн нийт гишүүдийн 32.7 хувь нь ахмад гишүүд байна. Энэ нь Монгол Ардын намын улс төрийн өнөөгийн бодлого, шийдвэрт ахмадуудын нөлөөлөл, дуу хоолой хангалттай хэмжээнд байна гэсэн үг юм.
Улсын Их Хурал болон Орон нутгийн 2020 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ахмадын санаа бодлыг судлан гаргаж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлсон мөрийн хөтөлбөрийг ахмад эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулалцаж, сонгуулийн кампанит ажлын стратегийг оновчтой гаргахад намын ахмад гишүүдийн оролцоо их байсан.
Үүний үр дүнд Монгол Ардын Нам 2020 оны УИХ-ын сонгуулиар парламентын 80 хувиас дээш буюу 62 суудал, Орон нутгийн сонгуульд 13 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт олонхи болж, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан юм.
2021 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 344 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд Монгол Ардын намын гишүүн ахмадууд нь нийт ахмадын 26.9 хувийг эзэлж байна.
Ахмадын холбооны энэ удаагийн чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого, ёс заншил, өв уламжлал” тайлан, Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын холбооны дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэгдлээ. Мөн үүнээс гадна чуулганаас гарах уриалгыг хэлэлцэж баталлаа.
МАН-ын гишүүн ахмадуудын 65.6 хувийг эмэгтэйчүүд, 34.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Хүйсийн энэ харьцаанд ахмадуудын зүгээс жендерийн тэгш байдлыг хангах тал дээр жинтэй нөлөө үзүүлдгийг харуулах нэг үзүүлэлт юм.
2020 оны УИХ-ын сонгуулийн үед Монгол Ардын намын ахмад гишүүдийн тоо 73 мянга байсан бол 2022 оны 09-р сарын 01-ний өдрийн байдлаар 92.740 болж нэмэгдлээ.
Энэ удаагийн чуулганд Улаанбаатар хот болон орон нутгаас 160 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хамгийн залуу нь 56 настай, хамгийн ахмад нь 93 настай байна.
2022 оны хавар УИХ, Засгийн газрын зүгээс тэтгэврийг нэмэгдүүлэх тогтоол шийдвэр гаргуулахад Ахмадын холбоо онцгой дэмжлэг үзүүлж ажилласан.
Тэтгэврийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгоход намын зүгээс онцгой анхаарч ажиллаж байна. Шинэчлэлийн хүрээнд ахмад настай хүн бүрд тогтоолгосон тэтгэврээс гадна суурь тэтгэвэртэй болгох боломжийг эрэлхийлж байгаа юм. Ингэснээр тогтоолгосон тэтгэврээс гадна суурь тэтгэвэр гэдэг ойлголт бий болгох юм.
Чуулганд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож үг хэллээ.
Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны үйл ажиллагааны цар хүрээг дан ганц намын хүрээнд бус илүү томоор харж ажиллах хэрэгтэй. Ахмадууд гэхээр тэтгэвэрт гарсан хүн гэдэг утгаар ойлгож болохгүй. Ахлалын зарчимтай байх ёстой. Ахмадын байгууллага нь намын бодлогын түвшинд байх ёстой юм. Туршлагаас илүү боловсрол байхгүй. Тиймээс ахмад үеийнхнийхээ арвин туршлагыг маш сайн ашиглах ёстой. Ахмадууд бол Залуу үе, Дунд үе, Ахмад үеийн алтан гинж нь юм” гэдгийг тодотголоо.
Мөн энэ үеэрээ Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 багц асуудлыг танилцуулсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn