“Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдол бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж байна. Уг бодлогын баримт бичигт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан боловсруулахаар тусгаж, шийдвэрлэсэн билээ.
Энэ хүрээнд тус яамнаас “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.12 /зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хэрэг маргааныг шийдвэрлэдэг процессыг түргэн шуурхай болгоно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бага үнийн дүнтэйг нь хурдан шийддэг болно. Энэ тогтолцоо руу шилжинэ. Энэ оны төгсөлд хийх тогтолцооны өөрчлөлт бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулна.
Гадны хөрөнгө оруулагчдад эрх зүйн тогтолцоо илүү ойлгомжтой болж байгаа гэдгийг ойлгуулах төслийг боловсруулаад өргөн барьж байна. Хууль, тогтоомжийнхоо хэрэгжилт тал дээр илүү анхаарах шаардлагатай байна. Гадны хөрөнгө оруулагчдад чиглэсэн өөрчлөлт бол виз олголтыг хялбаршуулж, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан явдал юм. Одоо нэг асуудал тулгарч байна. Энэ оны төгсгөлд яамны цахимжилтын үндсэн ажлыг хийж дуусгана. Ирэх жил Монгол Улсын иргэний гадаад паспортыг бүрэн цахим болгоно. Ингэснээр манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтын биет хэмжээ нэмэгдэнэ” гэдгийг онцлов.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар танилцуулав. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Гадаадын хөрөнгө оруулалтын сүүлийн 5 жилийн судалгаа танилцуулга”, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир “Гадаадын хөрөнгө оруулагчдад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаарх санал, дүгнэлт”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн бүртгэл, үйл ажиллагаанд татвар, нийгмийн даатгалын байгууллагатай хамтран холбогдох хяналт шалгалтын ажлын танилцуулга”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.Оюунцэцэг “Гадаадын хөрөнгө оруулалттай хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох шийдвэрийн биелэлт болон гадаад улсын олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны талаарх санал, дүгнэлт” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны зарим удирдлагууд, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын худалдааны байгууллагын төлөөлөгчдөөс гадна төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцон гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлж, санал, дүгнэлт хэлэлцүүллээ.