Зам барилгын ажилд байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлнэ
2022.08.15

Зам барилгын ажилд байгальд ээлтэй шинэ технологи нэвтрүүлнэ

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй МОН (3787/3788): “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон Хатгал тосгонд 3 чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын авто зогсоолын барилгын ажлыг 2022 оны 4 дүгээр сарын 18-наас хийж байгаа юм.

Тус ажлын хүрээнд Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 5.5 км авто замын мөнх цэвдэгтэй, намагтай ул хөрсөнд хөлдөлт гэсэлтийн давтамжийн дагуу агшилт тэлэлтийн хөдөлгөөн замын хийцэд нөлөөлөх нөлөөллийг багасгах, улмаар замын хучилтын хийцэд хэв гажилт, эвдрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор "гео-торлог" хязгаарлагч материалыг "гео-нэхмэлтэй" хослуулан ашиглах юм.

Тухайлбал, гео-нэхмэлийг замын нийт уртад далангийн дээд үед дэвсэж, төгсгөлийн 4.1 км хэсэгт гео-торлог хязгаарлагчийг төлөвлөсөн байна.

Тус материал нь Монгол Улсад өмнө нь зам барилгын салбарт ашиглаж байгаагүй шинээр туршиж буй технологи юм.
Энэ шинэ технологийг зам барилгын ажилд шинээр нэвтрүүлэн туршихтай холбогдуулан төслийн авто замын техник, технологийн хяналтын багийн олон улсын зөвлөхүүд “Намаг, цэвдэгтэй хөрсөнд далан төлөвлөх аргачлал” танхимын сургалтыг “Гео-нэхмэл, гео-торлог хязгаарлагч материалыг дэвсэх аргачлал” үзүүлэх сургалттай хослуулан 8 дугаар сарын 24-ний өдөр Хатгал тосгонд зохион байгуулахаар болжээ.