БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй
2022.08.12

БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын хамгаалалтын захиргааны удирдлагууд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд баригдсан объектуудад хяналт шалгалт хийж ажиллав.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг хуульд заасны дагуу арилгуулах,  байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

БЗД-ийн 11-р хороо буюу Асем орчмоос Их тэнгэрийн ам хүртэлх талбайд  хяналт, шалгалтаар ажилласан. Ингэхэд, дээрх талбайд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, зөвшөөрөлгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс цаашид зөрчлийг арилгуулж, хуулийн дагуу хариуцлага тооцох,  шаардлагатай тохиолдолд газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авч, хууль биелүүлж, хуулийн хүрээнд ажиллахыг дээрх зөрчилтэй аж ахуй нэгжийн төлөөлөлд болон холбогдох албаныханд сануулав.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд холбогдох албаныханд хатуу анхааруулав.

Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, баригдсан объектуудад тавих хяналт шалгалтыг тогтмолжуулж, шалгалтаар илрүүлсэн зөрчлийг арилгуулах дахин гаргуулахгүй байх чиглэлээр иргэд, олон нийтийн оролцоотой хяналтын ажлыг эхлүүлэх үүрэг чиглэл өглөө.