Халдвар авагсдын тоо 978-д хүрлээ
2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 743, хөдөө орон нутагт 235, нийт 978 байна.
Нийт 18 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгджээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь аймгуудад өвчлөлийн лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Архангай 13, Баянхонгор 3, Булган 8, Говьсүмбэр 19, Дархан-Уул 23, Дорноговь 26, Дорнод 15, Завхан 5, Орхон 15, Өвөрхангай 27, Өмнөговь 2, Сүхбаатар 1, Сэлэнгэ 20, Төв 15, Увс 12, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт лабораториор батлагдсан 11 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн мэдээгээр нийт 2897 хүн амбулаториор үйлчлүүлснээс 944 буюу 32.5 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.
Аймгуудын Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээгээр нийт 7032 хүн амбулаториор үйлчлүүлснээс 1037 буюу 14.7 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.
Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 16 тохиолдол бүртгэгдээд (Улаанбаатар хотод 10, Булган, Өмнөговь, Архангай, Сүхбаатар аймагт тус бүр 1, Өвөрхангай аймагт 2) байна.