Горхи Тэрэлжийн бүсэд амьдардаг иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулав
2022.08.04

Горхи Тэрэлжийн бүсэд амьдардаг иргэдэд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулав

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж ирсэн. Үүнийг шийдвэрлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонслоо.

Тус хорооны иргэдийн зүгээс газар эзэмшигчийн гэрчилгээг сунгуулахаас эхлээд орчин тойронд нь амралтын газар, аялал жуулчлалын баазууд олноор байгуулагдсанаар дуу чимээ, орчны бохирдол эрс нэмэгдсэн. Үүнээс гадна иргэд, оршин суугчдын хашааны гарц, орцыг хааж хашаалах, түргэн тусламж, гал команд зэрэг төрийн наад захын тусламж үйлчилгээ авахад ч хүндрэлтэй болсныг хэлж байлаа.

Энэ үеэр хорооны иргэд болон аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын газрын маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэхээр холбогдох мэргэжилтнүүдийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байлцуулан, иргэдийн бичиг баримт, газрын кадастрын зургийг газар дээр нь тулгаж, шийдвэрлэх, шаардлагатай асуудлыг дараагийн шатанд шилжүүлэхээр болсон юм.

Байгалийн тусгай хамгаалалттай газарт аж төрдөг иргэдийн тулгамдсан асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Засгийн газраас анхаарч буй. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны холбогдох  мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, иргэдийн эрүүл аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр нэн тэргүүнд анхаарлаа хандуулахыг Шадар сайдаас үүрэг болгов.
Мөн оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хороо, дүүргийн удирдлагууд болон бусад албаныханд үүрэг болголоо.

Энэ 7 хоногийн хагас, бүтэн сайн өдөр буюу 08 сарын 06,07-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар Горхи Тэрэлжийн иргэдтэй газар дээр нь очиж төрийн үйлчилгээг үзүүлэхээр болжээ.