2022.07.27
Зүрх судасны оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлэх төслийг үргэлжлүүлнэ
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Зүрх судасны үндэсний төв ба тусламж үйлчилгээг сайжруулах тусламжийн төсөл”-ийг 2027 он хүртэл үргэлжлүүлэхээр болов.
Төслийг үргэлжлүүлэх санамж бичигт Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё нар гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжиж Монгол Улсын хүн амын дундах зүрх судасны өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтыг бууруулж, эрүүл мэндийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны төвийн хүчин чадлыг сайжруулах эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 2027 он хүртэл хамтын ажиллагааны төсөл үргэлжлэх юм.
Төслийн хүрээнд зүрх судасны оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхлан нэвтрүүлж, нутагшуулах замаар гадаадад эмчлэгдэх зайлшгүй шаардлагатай өвчний жагсаалтаас зүрх судасны чиглэлийн хүнд хэлбэрийн хоёр өвчнийг хасуулж, ахисан шатны оношилгоо, эмчилгээг иргэд эх орондоо чанартай хийлгэх боломж бүрдсэн гэж Сангийн яамнаас мэдээллээ.