Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
2022.06.30

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийслэл болон 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл танхим болон цахимаар оролцож, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр Цусны донорын тухай анхдагч хуулийн төсөл болон цус, цусан бүтээгдэхүүний хангамж, нөхцөл байдлын талаарх танилцуулгыг хийв.

Манай улсад анх 2000 онд Донорын тухай хууль батлагдсан бөгөөд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хуулиар цусны донор болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний зохицуулалтыг нэгтгэж оруулсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ улам хөгжиж, эмчилгээний арга хэлбэр, чанар сайжирсаар байна.

Манай улсын хэмжээнд 2021 оны байдлаар 19337 цусны донор бүртгэгдсэнээс 7837 донор тогтмол цус, түүний бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэжээ. Цуглуулсан цусны нэгж бүрт цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 36 нэр төрлийн 103265 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 61675 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд олгожээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний 78 хувийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв дангаар бүрдүүлсэн бөгөөд 22 хувийг нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим сум дахь нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төвд бэлтгэн эмчилгээнд олгосон байна.

Өндөр хөгжилтэй орнуудад цус, цусан бүтээгдэхүүний 75 хувийг 65-аас дээш насны хүн амд хэрэглэдэг бол хөгжиж буй орнуудад 52 хувийг нь 0-5 насны хүүхдэд хэрэглэгдэг. Харин манай улсын хувьд цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэгч өвчтнүүдийн 50.5 хувь нь 36-65 насны хүмүүс буюу идэвхтэй донорын насныхан бий. Түүнчлэн манай улсын хүн амын суваргын хэтийн төлвөөр идэвхтэй донор /24-45 нас/-ын тоо дунджаар 2 дахин буурахаар байгаа бөгөөд энэ үзүүлэлт дунджаар 20 орчим жил үргэлжлэх цонх үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах гол асуудал тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2035 онд 185,600 нэгж хүртэл өсч, 2009 онтой харьцуулахад 3.7 дахин өсөх төлөвтэй байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн орон тоо 2009 оноос хойш 20 хувь нэмэгдсэн байхад цус, түүний бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийн хэмжээ 2021 оны байдлаар 85-109.1 хувь болж нэмэгджээ. Цаашид ч өсөх хандлагатай байна. Энэ ачааллыг өнөөгийн хүний нөөцийн хэмжээгээр давах боломжгүй төдийгүй цус сэлбэлт судлалын салбарын зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийг статусыг дэлхий нийтээр баримтлаж байгаа “Нэгдсэн тогтолцоо”-нд үе шаттайгаар шилжих асуудлыг тодорхойлох шаардлагатай гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэллээ.

Ажлын хэсгийн зүгээс өнөөгийн хууль эрх зүйн орчин шаардлага хангаж байгаа эсэх талаар эрүүл мэндийн ажилтнууд болон цусны доноруудын дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн 80 орчим хувь нь Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг салгаж, бие даасан хуулиудаар зохицуулах шаардлагатай гэж хариулсан бол цусны доноруудын 97 хувь нь Донорын тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй гэж үзжээ.

Дэлхийн олон улс оронд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон цусны донорын үйл ажиллагааг тусад нь хуульчилсан байдаг. Цусны донорын тухай хуулиараа цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тогтвортой, аюулгүй байдал, цусны донорын хөдөлгөөний нийгмийн ач холбогдлыг ард иргэдэд таниулах, сурталчлах замаар цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх болон цус сэлбэлт судлалын харилцаанд оролцогч этгээдүүдийн эрх, үүрэг, эдгээрийг удирдан зохион байгуулах болон гүйцэтгэх байгууллагуудын эрх зүйн зохицуулалт, цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргээс гадна цусны донорт эрүүл мэндийн үзлэг хийх, цус, түүний бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, эмчилгээний зорилгоор хэрэглэх үйл ажиллагаа, эдгээрт оролцогч эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн тусгай зөвшөөрөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилт, төрийн болон төрийн бус байгууллагын түншлэлийн асуудлыг зохицуулдаг байна.

Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг 8 бүлэг, 32 зүйлтэй байхаар боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж үүний хэрээр цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж улам сайжирч, цус сэлбэлт судлалын салбар хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. Цус сэлбэлт судлалын үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Мөн цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болохын дээр тэдний нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал сайжирч, цусны донорын тоо нэмэгдэх, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Манай улсын цус сэлбэлтийн салбарт олон улсын сүүлийн үеийн технологиудыг амжилттай нэвтрүүлжээ. Тухайлбал, Франц, Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй оронд ашигладаг цус, цусан бүтээгдэхүүний эмгэг төрөгчийг идэвхгүйжүүлэх технологийг хэдийнэ нэвтрүүлсэн байна.

Цусны доноруудаас авсан цусыг нарийвчилсан шинжилгээнд оруулсны эцэст шаардлага хангасан цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд өгдөг. Олон улсад 5 хувийн “хаягдал” гарахыг хэвийн гэж тооцдог бөгөөд манай хувьд 2-3 хувийн “хаягдал” гардаг. Түүнчлэн өндөр технологиудыг авч явахын тулд эргээд санхүүжилтийн асуудал тулгардаг байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлд цус цуглуулах, шинжлэх, цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тэдгээрийг эмнэлэгт олгох, эмнэлгийн байгууллагуудтай хамтран цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг эмчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зэрэг үүргийг нарийвчлан тусгах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн цус сэлбэлт судлалын салбарт ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудыг урамшуулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг дэмжих, цусны доноруудыг урамшуулах, алдаршуулах, цусны донорын мэдээллийн нэгдсэн сантай болох шаардлага байгааг хөндөв.

“Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний тухай хуулийг нэгтгэн ойлгох нь нийгэм, эдийн засгийн хувьд хор уршигтай хөнөөлтэй. Хуулийн төслүүдийг шинэчлэн баталснаар эмч, эмнэлгийн ажилтнуудын боловсон хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, улмаар монгол хүний эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ” гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан нар онцлоод маргааш (2022.07.01) цусны доноруудын дунд хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн.