УИХ-ын гишүүн С.Чинзориг Өлзийт сумынханд мэндчилгээ дэвшүүллээ
2022.07.25

УИХ-ын гишүүн С.Чинзориг Өлзийт сумынханд мэндчилгээ дэвшүүллээ

Өлзийт сум нь Монгол төрийн голомт нутаг Илдэн бэйлийн хошууны төв абшиг арвинтай сайхан нутаг билээ.

Сайхан хун жигүүр амраан саатдаг Сангийн далай, эртний тахилгат Зүүн хайрхан уулаараа овоглодог өөдөө заяат Өлзийтийн ард түмэн сум байгуулагдсаны түүхт ойгоо тэмдэглэлээ. Энэ баярт УИХ-ын гишүүн С.Чинзориг оролцож нутгийн олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардуулж өглөө.

1931 онд хийсэн засаг захиргааны өөрчлөлтөөр Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутагт Өлзийт сумыг байгуулснаас хойш эдүгээ ес дэх арваныхаа түүхийг бичиж буй Өлзийтчүүд Хангайн нурууны зүүн үргэлжлэл Ханги, Дулаан, Баруун, Зүүн Өлзийт хайрхандаа сүслэн, Төхөм, Жороо, Өндөр дэрс, Эхэн, дунд, адгийн цагаан зэрэг уужим тал хөндийдөө Сангийн далай, Зэгэстэй, Горхи, Хүйсийн гол, Цэгээн, Бөөр тойром, Мөрөн, Улаан  ам, Их, Бага булаг, Яргайтын хайлан, Тахилгат, Асгат зэрэг хүн, малын ундаа болсон нуур тойрмоо шүтэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, өсч төрсөн нутгаа хөгжүүлэхийн төлөө хүч, сэтгэлээ зориулан буй ард түмэн билээ.