2022.07.18
Томоохон банкууд Орос-Украины хямрал, ханшийн зөрүүний улмаас зээл олгохгүй байна
Системийн нөлөө бүхий, томоохон банкууд сүүлийн хоёр сарын турш зээл олголтоо хумьсан. Цалингийн болон бизнесийн зээл үүнд хамаарч байна. Хаан банкны хувьд цахимаар хүсэлт илгээсэн нөхцөлд цалингийн зээлийг л хэвийн олгож байгаа аж. Мөн Голомт банк бүх төрлийн зээлийг хэвийн олгож байна гэв.
ОХУ-Украины хямрал, ам.долларын үнийн өсөлтийн улмаас эрсдэлийг хянахын тулд томоохон арилжааны банкууд ийм шийдвэр гаргажээ. Энэ талаар Төв банкнаас тодруулахад “Банкуудын зээл олгох, эсэх нь тухайн банкны дотоод үйл ажиллагаанд хамаарах асуудал. Монголбанкнаас зээл олго, зээлээ зогсоо гэх агуулгаар ямар нэг чиглэл өгөх, тушаал шийдвэр гаргах боломжгүй, хуулиар хориотой” гэв.
Энэ онд багтаан манай улсын томоохон таван банк IPO хийж, хувьцаат компанийн статустай болно. Үүний тулд Төв банкнаас системийн нөлөө бүхий банкуудад активын чанарын хяналт шалгалт хийж эхэлсэн. Зээл олголт удааширсан нь энэхүү хяналт шалгалттай холбоогүй гэв.
Тавдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн нийт хэмжээ 2.1 их наяд төгрөг байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 94 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.
Чанаргүй зээлийн 1.6 их наяд төгрөг нь хувийн байгууллагуудад, 469 тэрбум төгрөг нь иргэдийн авсан зээл юм.
Ангиллаар нь харвал:
- Хэвийн бус зээл 407 тэрбум төгрөг,
- Эргэлзээтэй зээл 393 тэрбум төгрөг,
- Муу зээл 1.3 их наяд төгрөг байна.
Салбараар нь харвал:
- Боловсруулах үйлдвэрү:үдийн муу зээл 344 тэрбум
- Уул уурхайн салбарын муу зээл 217 тэрбум
- Барилгын салбарын муу зээл 173 тэрбум төгрөг буюу дийлэнхийг эзэлжээ.