2022.06.16

С.Чинзориг: Энэ тогтоол хэрэгжсэнээр 5 жилийн дараа үр дүн ямар байх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Тогтоолын төслийг хэлэлцэх явцад саналаа хэлж байсан. Нэгэнт хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой Их хурлын тогтоол гаргах гэж байгаа бол хавсралт нэмээд гаргачихмаар байна гэж. Суурь түвшин ямар байгаа, цаашдаа ямар түвшинд хүргэх вэ гэдгээ тодорхой болгоод шалгур, хэмжих нэгжтэй болгочихвол сайн.

Тухайбал, га-ын ургац хэдийг авч байгаа вэ. Хөтөлбөр хэрэгжсэнээрээ 5 жилийн дараа ямар түвшинд хүрэх юм. Нэг хүнд оногдох хүнсний гол нэр, төрлийн бүтээгдэхүүний хүрэлцээ, хангамж одоогийн хөрсөн түвшин нь ямар хэмжээтэй байгаа вэ? 5 жилийн дараа ямар хэмжээнд хүрэх вэ? Шалгуур үзүүлэлттэй болвол хаа, хаанаа ажил дүгнэхэд тодорхой болно. Үүнийг анхаарах хэрэгтэй.  Хоёрдугаарт хэт жижиг асуудлыг оруулчихсан санагдаад байна. Хоршоог дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн. Хавсралт харахад одоо загвар хоршоо 3 байгаа юм уу, 3-ыг бий болгох юм уу? 5 жилийн хугацаанд хоршооллыг дэмжих замаар 500 ажлын байр бий болгох юм байна. Ийм жижиг зүйлүүдээ оруулах хэрэг байгаа юу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.