Байнгын хорооны дарга Х.Болорчулуун  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
2022.06.02

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Уг тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун ажиллаж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар өнөөдөр (2022.05.31) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж, тогтоолын төслийн хэрэгжилт, явц байдалтай танилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хаврын тариалалтын явцын талаар танилцуулав. Тэрбээр, хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 03-наас эхэлж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 288.8 мянган га-д үр тариа, үүнээс 283.9 мянган га-д улаанбуудай, 9.3 мянган га-д төмс, 4.9 мянган га-д хүнсний ногоо, 3.5 мянган га-д малын тэжээл, 32.5 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 74.7 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 78.3 хувь, тосны ургамлын тариалалт 49.0 хувь, төмс 54.1 хувь, хүнсний ногоо 40.2 хувьтай тус тус явагдаж байна.

Хаврын тариалалтад зориулан ХААДС-д хүсэлт гаргасан 256 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тн улаанбуудайн үр, 34 аж ахуйн нэгжид 1.0 мянган тн тэжээлийн таримлын үрийг 30 хувийн урьдчилгаатай, 187 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 83 аж ахуйн нэгж иргэнд 889 тн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгоод байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс газар тариалангийн үйлдвэрлэлд 100.0 тэрбум, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл 50 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон, Тээвэр хөгжлийн банкаар дамжуулан тариалан бүхий 1129 иргэн, аж ахуйн нэгжид 72.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна хэмээн танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэн, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, иргэдийг чанартай, баталгаатай хүнсээр хангахад анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн үндсэн төлөвлөлтийн үйл ажиллагаанд санхүү, эдийн засгийн тооцооллыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуультай уялдуулах шаардлагатайг тэмдэглэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан иргэд Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэхээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй 3 хувийн хүүтэй зээлийг дэмжиж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн тус яамны газар, нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn