2022.05.11

Бэлтгэл ажлаа сайн хангаж чадвал үр өгөөжөө өгөх тогтоолын төсөл батлагдлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /2022.01.14/-нд “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн бөгөөд /2022.04.07/-ны өдрийн чуулганы  нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 65 хувь нь дэмжсэнээр тус тогтоолын төслийг эцэслэн баталсан. 

Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан юм. 

“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах Ажлын хэсгийнхэн

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар манай улсын эдийн засаг тэлэх, бизнесийн таатай орчин бүрдэх, иргэдийн амьдралын чанар дээшлэх зэрэг ихээхэн ач холбогдолтойг төсөл санаачлагчид онцолж байв. 

Тухайлбал, тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд байгуулах,  Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай болоход чухал нөлөө үзүүлэх аж. 

  •  Хөшигийн хөндийд төлөвлөсөн шинэ суурьшлын бүс болох “Шинэ зуун мод”, “Их дээд сургуулиудын хотхон” байгуулах ажил бодитоор хэрэгжих боломж бүрдэнэ. 
  • Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150.0 мянган иргэн, 50.0 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10 орчим хувиар, замын түгжрэл 20 орчим хувиар буурна. Түүнчлэн 1мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурна.
  • Татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд түлхэж болно.
  • Шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болох зэрэг олон боломж нээлттэй болох юм байна. 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтын хэлснээр, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуулиар НӨАТ, гаалийн татвар, үл хөдлөх эд хөрөнгийн гэх мэт татварын хөнгөлөлтийн зохицуулалт байгааг дурдаад урт, дунд хөгжлийн бодлогод тодорхойлсон транзит монгол буюу Монгол Улс тээвэр ложистикийн хааб /Hub/ болох, экспортлогч орон болох зорилтыг хангах бололцоо бага байна. Хөшигийн хөндийн төсөл дээр “Жайка” олон улсын байгууллага судалгаа, техник туслалцааны тал дээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн Дэлхийн банк болон бусад хөгжлийн түншүүдээс энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч, хуулийн шинэчлэл, стратегийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэлээ.

С.Наранцогт

  Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажил хэр зэрэг хангагдаж байгаа талаар асууж, дараах байр суурийг илэрхийлж байлаа. Хамгийн чухал нь ярих биш хийх, хийхдээ олон улсын сайн туршлагыг судалж, нутагшуулах шаардлагатайг дурдсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Урд хөрш бол гаднаас өндөр технологи, мэргэжилтнүүдийг нутагтаа авч ирээд, өөрсдийн ажилчиддаа туршлагыг нь сургаад, тэд нь дэлхийн түвшний бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хөгжиж, өнөөдөр дэлхийн хоёр дахь том эдийн засгийг бий болгосон байна. Тиймээс бид урд хөршийнхөө чөлөөт бүс хөгжүүлсэн туршлагаас суралцах шаардлагатай" гэсэн юм.


 УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд "Манайх хоёр хөршийн дунд далайд гарцгүй орны хувьд "Made in mongolia" биш технологи үйлдвэрлэх хэрэгтэй. Иймд технологийн хөгжлийн компаниудаа дэмжиж байж энэ Хөшигийн хөндийн чөлөөт бүс амь орно" гэдгийг энэ үеэр хэлж байв.


Харин Д.Батлут гишүүн Чөлөөт бүс байгуулах гэж яарахаас илүүтэй хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, одоогийн цаг үетэй тохируулах боломжийг хайх нь үр дүнтэй гэж харж байна. Ер нь чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажил хангалтгүй байна гэх шүүмжлэлийг хэлж байсан. 


Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn