Хөгжим бүжгийн коллежийн хичээлийг хаалаа
2009.10.16

Хөгжим бүжгийн коллежийн хичээлийг хаалаа

Хөгжим бүжгийн коллежийн дотуур байранд амьдардаг 100 гаруй хүүхдийн тал гаруй нь энгийн ханиадаар өвчилсөн учир томуугийн “А” хүрээний вирусээс сэргийлж хичээлийг нь тодорхой бус хугацаагаар хаалаа. Сургуулийн хичээлийн болон дотуур байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг Улсын Онцгой комиссын хуралдаанаас үүрэг болгосон байна. “Томуугийн “А” хүрээний /H1N1/ вирусийн халдвараас хамгаалах зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 03 дугаар албан даалгаврын биелэлтийг Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Шадар сайдын ажлын алба хамтран 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн 6 дүүрэгт гэнэтийн шалгалт хийсэн байна.

Ажлын хэсэг сургууль, цэцэрлэг, соёл урлаг, худалдаа, үйлчилгээ, нийтийн тээвэр, төрийн захиргааны байгууллага, биеийн тамир спорт, үзвэр үйлчилгээ, нисэх буудал, төмөр замын болон авто вокзал, эмнэлгийн байгууллагыг шалгажээ.

Шалгалтад хамрагдсан газрууд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ хийж, томуугийн халдвараас сэргийлэх заавар, зөвлөмж, санамж байрлуулж, нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарласан байна. Гэхдээ олон зуун хүн зорчдог суудлын вагон депод энэ талаархи ажил хангалтгүй байгаа нь шалгалтаар илэрсэн учир холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайдад даалгалаа.
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар халдваргүйтлийн бодис нөөцлөөгүй, орон нутгийн нислэгийн үед тавигдах эрүүл мэндийн тандалт, судаогаа хийгээгүй байна. Эмнэлэг, Онцгой байдал, мэргэжлийн хяналтын зэрэг байгууллагын албан хаагчдын ариутгал, халдваргүйтлийн бодис, хамгаалах хувцас, хэрэгслийн хүрэлцээ хангалгүй байгаа нь шалгалтаар илэрчээ.

Томоохон захууд зөөврийн гар угаалтуур суурилуулж, халдвараас сэргийлэх ухаалга, сурталчилгааг радиогоор байнга нэвтрүүлж байна. Нийтийн тээврийн 1435 хэрэгсэлд санамж бичиг байрлуулан жолооч, кондуктор нарыг нь амны хаалтаар хангажээ.

Шалгалтын дүнг Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн сайшааж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодотголоо.

  • 2009 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээ хийх
  • Амны хаалт, аминдэмийн хүрэлцээ, хангамжийг бүрдүүлж, үнэ ханшийг тогтворжуулах
  • Ариутгалын бодисын нөөц, чанарыг тогтоож, эмнэлгүүдийн орны нөөцийн тоог гаргах, түргэн тусламжийн авто машины тоог нэмж бэлэн байдалд оруулах
  • Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах
  • Онц шаардлагагүй бол олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохгүй байх
  • Хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг хязгаарлах
  • Оюутан, сурагч, цэцэрлэг, яслийн хүүхдүүдийн эрүүл мэнд, биеийн байдалд тавих хяналтыг чангатгаж, 901-ээс дээш сурагчтай сургуулиудад мэргэжлийн эмч заавал ажиллуулах
  • - Чингэлтэй дүүрэгт болох нөхөн сонгуулийн үеэр санал авах байранд 2 цаг тутам ариутгал хийх
  • - Нийтийн тээврийн хэрэгслийн ариутгалыг сайжруулж, нисэх буудал, төмөр зам, авто вокзалын зорчигчдын хөдөлгөөнийг хянах
  • - Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж байгаа Томуугийн “А” хүрээний вирусээс сэргийлэх ухуулга, сурталчилгааны давтамжийг нэмэгдүүлэхийг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо.


2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагийн байдлаар томуугийн “А” хүрээний вирусээр 12 хүн өвчилсөн бөгөөд 10 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Сэжигтэй хүмүүст хийсэн шинжилгээний хариу гараагүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.