“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо
2022.04.29

“Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо

Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар Япон улсын “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн 7 дахь хурал өнөөдөр /2022.04.29/ боллоо. Хуралд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Магнайсүрэн, тус яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал М.Ибрай, Сургалт, судалгаа мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын барилгачдын нэгдсэн холбоо ТББ, "ЖАЙКА" Олон улсын байгууллагын албаны төлөөлөл оролцож, төслийн үр дүн ач холбогдол, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хурлын үеэр, Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал М.Ибрай "Бид энэхүү төслийг маш амжилттай хамтран хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд энэ төслийн хүрээнд хийгдсэн ажлууд нь нэн чухал ач холбогдолтой байсан. Төслийн хүрээнд Барилгын хөгжлийн төвд "Хөдөлмөрийн аюулгүй байдал”-ын жишиг танхимыг тохижуулж, ХАБЭА-н сургалтыг тогтмол явуулж байгаагаас гадна, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн туршилтын лабораторийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяанд байгуулснаас гадна Япон улсад 5 удаагийн сургалтаар долоон байгууллагын 37 хүнийг сурган дадлагажуулж, барилгын салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш” 22 хүнийг бэлтгэн, барилгын үйлдвэрлэлийн талбай дээрх дадлага сургалт зохион байгуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны 4 төрлийн гарын авлагыг хэвлүүлсэн гээд олон ажлыг дурдаж болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар барилгын салбарын хэмжээнд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо жил ирэх тусам буурч байна. 2016-2019 оны хооронд улсын хэмжээнд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувийг барилгын салбарт тохиолдсон осол эзэлж байсан бол 2020 онд нийт 355 тохиолдлын 43 нь, 2021 онд 256 тохиолдлын 21 нь барилгын салбарт гарсан байна.

Харин 2022 оны 1-р улирлын байдлаар нийт 62 тохиолдлын үйлдвэрлэлийн осол бүртгэгдснээс барилгын салбарт ослын тохиолдол гараагүй байна гэсэн статистик мэдээлэл байгаа нь уг төслийн нөлөө их байсныг харуулж байна” гэв.