Ж.Сүхбаатар: Хөнгөн галт тэрэг төслийг одоо эхлүүлбэл 2025 онд дуусна, үгүй бол дахиад 10 жилээр хойшилно
2022.04.29

Ж.Сүхбаатар: Хөнгөн галт тэрэг төслийг одоо эхлүүлбэл 2025 онд дуусна, үгүй бол дахиад 10 жилээр хойшилно

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ДАРГА ХААЦАЙЛЖ ХАМГААЛАХГҮЙ ТУЛ ХУУЛИЙНХАН ГИШҮҮДИЙН НЭРИЙГ ИНГЭЖ ЗОРИГТОЙ ОРУУЛЖ ИРЖ БАЙНА-

-Хөгжлийн банкны зээлийн асуудалтай нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож сонгодог парламентын зарчмаараа ажиллаж чадах болов уу?

-Нэгдүгээрт эрх барьж буй хүчний улс төрийн бодлого гэж зүйл бий. Хоёрдугаарт, иргэдийн төлөөлөн сонгогдоод бүрэн эрхээ хэрэгжүүлэх тухай асуудал. Энэ хоёр хүчин зүйлийн жин бангийн нөлөөн дор л ажил явагдана. Тэгэхээр бидэнтэй холбоотой асуудал бас үүсэж байгаа юм. Нэг байгууллагад, нэг намын бие биенээ мэдэх тэр хүмүүс асуудалд холбогдоод явж байгаа нь төвөгтэй байдал. МАХН 30 дугаар их хурлаараа авлигын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хаацайлах хамгаалахгүй байгаа учир хууль хяналтын байгууллага гишүүдийн нэрсийг ингэж зоригтой оруулж ирж байгаа юм.

Нөгөө талаас эдгээр гишүүдийн цаадах том эзэд нь хэн юм, тэднийг шалгахад яагаад саад учраад байгаа юм, өөр олон хүн бий ёстой, хэргийнх нь гол гогцоо нь юу юм гэхчлэн асуултуудыг хайж эхэлнэ. Цаад учрыг нь олох гэж тэр шүү дээ. Мөн олон сонгогчдын дуу хоолой, эрх ашгийг хязгаарлах тухай асуудал. Тэгэхээр энэ асуудал ихээхэн нухацтай хандах шаардлагатай. Бид эдгээр бүх өнцгүүд дээр бодож болгоох ёстой. Зарим нь хурцаар шүүмжилж байна.

-Хянан шалгах хороод эрх нь түдгэлзэх гишүүдийн асуудал дээр хэрхэн ажиллах бол?

-Миний хувьд Хөгжлийн банкийг хянан шалгах даргаар ажиллаж байна. Таны өмнө байгаа энэ том хавтастай танилцаж дуусаагүй л сууна. Маш олон арван хүн, компаниуд холбогдсон. Цаагуураа бол хэдэн зуу ч байж магад. Миний хувьд баримтад тулгуурлах, намынхаа улс төрийн хүсэл зоригийг бодох, хамт ажиллаж буй гишүүдийнхээ эрхийг нь хүндэтгэж, тайлбар өгөх боломжийг нь олгох ажиллах ёстой гэж бодож байна. Бидний гол дарга хууль, иргэд хоёр. Энэ хоёрын талд ажиллах ёстой. Аль алиных нь эрх ашгийг хөндөхгүйгээр жин бангийн тааруулж шийдвэр гаргах учиртай болж байна. Нууцаар санал хураахаар хуульчилсан. Шүүмжлэл гэдэг шүүлтүүр болохоос шүүмжлэлд өртлөө гээд муу болчихгүй. Асуудлын талаар талцан маргаж ярьж байна гэдэг нь одоо л сонгодог парламентын журмаар ажиллаж эхэлж байгаагийн нэг хэлбэр. Улс төрд бодлого, зарчим хоёроо л дагах ёстой. Тэгэхээр хууль, иргэн хоёр бидний бодлого зарчим. Бодлого зарчим хоёртоо л захирагдах ёстой. Олон хүн эргэлзэж, шүүмжилж болно. Тэглээ гээд тэдэнд тааруулах шаардлагагүй.

-ГАЗРЫН НАЙМАА ТОЙРСОН ХУЛГАЙГААР ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ЭВДЭГДСЭН. ҮР ДҮНД НЬ ХОТЫН УДИРДЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС БАЯЖСАН-


-Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганаар та хотын түгжрэл, хөнгөн галт тэрэгний асуудлыг хөндөж, өнөөдөр нийгэмд нэлээд талцал маргаан үүстлээ өргөжчихлөө шүү дээ?

-10 жил орчмын өмнө Нийслэлд метро байгуулъя гэдэг зүйл яригдаж эхэлсэн байдаг. Үүний ашигтай, ашиггүй байдлын тухай талцал бас өрнөж байсан. Би 2020 оныг хүртэл Нийслэлийн асуудлын рүү гүн орж танилцаагүй байлаа. Чингэлтэй дүүргээс сонгогдож гарч ирээд бодлого, хөгжил гэдэг асуудлууд руу анхаарал тавьж эхлэхгүй юу. Мэднэ гэдэг чинь нэг хэрэг, мэдэрнэ гэдэг бас нэг өөр асуудал Улаанбаатар асар төлөвлөлтгүй, хот гэж хэлэхэд хэцүүхэн болчихсон. Төлөвлөлтгүй явж ирсэн нь хоёр том шалтгаантай.

-Ямар шалтгаанууд байна вэ?

-Нэг нь нийгмийн өөрийнх нь шалтгаан. Хуучин систем 1990 оны үед задарсны дараа хүмүүс ажилгүй, орлогогүй болсон. “Английн ажилчин ангийн байдал” гээд Энгельсийн номыг уншвал та нар цочно. 100 гаруй жилийн өмнөх Лондон хотын байдал манай 1990 оны хоттой адилхан байлаа. Хөдөөнөөс хот руу нүүдэллэх нүүдэл хүчтэй явагдсан. Улаанбаатар хот руу шилжин ирэх хүмүүсээс татвар авахыг болиулсан. Энэ нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Мөн сонгууль оролцох иргэдийг бүртгэлжүүлж, суурьшуулсан. Нийгэм, улс төр, эдийн засгийн учир шалтгаанууд бий. Нөгөө шалтгаан нь авлига. Хотыг хүмүүс мөнгөтэй гэдэг.

Гэтэл яг үнэндээ зөвхөн удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс авлигажиж, баяжсан. Энэ бол бодит үнэн. Газрын наймаа тойрсон хулгайгаар хот төлөвлөлт эвдэгдсэн. Ийм л хоёр том хүчин зүйл өнөөдрийн байдлыг бий болгосон. Өнгөрсөн 30 жил хүн ам нэг саяар өссөн. Гэтэл Улаанбаатарт сая хүний нэмэгдэл бий болсон. Үүнийг дагаад дэд бүтцээс эхлээд хүчин зүйлүүд нэмэгдэж чадаагүй. Улаанбаатарт өнөөдөр түгжрэл, бөөгнөрөл гэдэг хоёр том асуудал бий болчихлоо. Үүнийг задлах хоёр янзын арга бий.

-За?

-Дагуул хот болон бусад бүс нутгийг хөгжүүлэх асуудал. Өмнө нь аэро сити, майдар зэрэг хотуудыг ярьж байсан ч одоо Хөшигийн хөндийд төвлөрөл суурьшлын бүс бий болж байна. Хоёрдугаарт, түгжрэлийг шийдэх хоёр том арга бий. Нэг нь бөөгнөрлөө задлах арга. Хоёр дахь түгжрэлийг шийдэх ойрын болон дунд хугацааны арга. Ойрын аргуудад төлбөртэй зогсоол бий болгох, замын хөдөлгөөний дүрэм чангатган сахиулах, импортын хуучин машины тоог хязгаарлах зэрэг аргачлалууд байна. Дунд хугацаанд төрийн байгууллагууд, захууд, их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, шилжүүлэх ажил.

-ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН ТӨСЛИЙГ ОДОО ЭХЭЛЖ ЧАДВАЛ 2025 ОНД ДУУСНА-


-Энэ удаагийн УИХ түгжрэлийн эсрэг юуг шийдвэрлэж, яаж ажиллах ёстой юм бэ?

-Энэ удаагийн УИХ түгжрэлд хэрхэн нөлөөлөх вэ гэвэл цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх. Хамран сургах тойргийн байршлаар нь тогтоосон сургууль, цэцэрлэгийн дүр зургийг гаргачхаж. Энэ удаагийн төсвийн тодотголын гол зорилго нь цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх юм. Гэлээ гэхдээ хүн амын шууд өсөлтийг хязгаарлаж чадахгүй. Улаанбаатарт жилд Дундговь аймгийн хэмжээний хүн нүүж ирдэг.

Хүмүүс том төсөлд, бүтээн байгуулалтад итгэхээ больсон байна. Метро гэдэг бол бидэндээ асар том мега төсөл юм. Метро боломжгүй байсан бол дараагийн төсөл юу байж болох вэ гэдэг эрэлд гарсан. Ингэхэд BRT, LRT гэсэн төслүүд гарч ирсэн. BRT гэдэг нь хотод зам дээр хурдтай явдаг галт тэрэг маягийн автобуснууд. LRT нь гүүрэн байгууламж бүхий агаар дээр бүдүүн тоймоор хэлбэл метро, трамвайн холимог. Санхүүгийн хувьд гараанаас гарах хамгийн боломжтой төсөл энэ байгаа юм. Зээл бус Засгийн газрын баталгаагаар баригдана.

Хүчин чадлаа тооцоод гурван үе шаттай хэрэгжүүлэх боломжтой. Улсаа өрөнд оруулах гэж байна гэж яриад байгаа. Тийм биш. Нисэхт байрлах Архивын ерөнхий газраас эхлээд Яармаг-Гэгээнтэн-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансар гэсэн чиглэлтэйгээр баригдах юм. Энэ чиглэлүүдэд өргөтгөх зам байхгүй, газар чөлөөлөлтүүд багатай.

Одоо эхэлж чадвал 2025 онд ашиглалтад орно. Эхэлж чадахгүй бол магадгүй арван жилээр байхгүй болж байгаа байх. Дараа нь бид метроныхоо үлгэрийг дахиад ярих байх.

-Таныг болоод зарим гишүүдийг хөнгөн галт тэргийн төсөл дээр хэт улайраад байгаа гэх шүүмжлэлд ямар хариулт өгөх вэ?

-Намайг улайрч байна гээд шүүмжлээд байгаа. Улайраад байгаа юм алга. Хийж чадахгүй, хийхгүй гэвэл LRT буюу хөнгөн галт тэрэг, метро гэдэг зүйлээ мартах хэрэгтэй. Энэ бол үлгэр юм аа гэдгийг ойлгочихвол болж байгаа юм. Одоо сонголтоо хийх цаг нь болсон тул би энэ талаар хүчтэй дуугараад байгаа юм. Зарим хүмүүс бүр эдийн засгийн сонирхолтой гэж намайг шүүмжилж байна лээ. Төрд ажиллаж байх хугацаандаа авлигатай, авлигын эсрэг бүлэглэлүүдтэй тэмцэж явсан болохоос ямар юмных нь эдийн засаг.

Жинхэнэ авлигатай холбогддог хүмүүс чинь гааль татварынхан, мөнгө санхүүтэй холбогддог хүмүүс чинь Сангийн яамныхан шүү дээ. Тэднээс болж өнөөдөр өрөнд орж, нэмж зээл авч чадахгүй зовж байна. Хэрэгтэй хөрөнгө оруулалтууд Улаанбаатар хотод ирж чадахгүй байна. Нийслэлийн төсөв аймгуудынхаас бага байна шүү дээ. Олон улсын хэрэгжиж байгаа төслүүдийг нэмээд байдаг болохоос улсын төсвөөр хэрэгжиж байгаа зүйл асар бага байна шүү дээ. Сая үзэж тарж, үсэрч наалдаж байж Хотын хуулийг шинэчлээд байна.

Огтлолцлын цэг гэдэг шиг бодлогын шийдвэр гаргах цаг нэгэнт болсон учир LRT буюу хөнгөн галт тэрэг ашиглаад бөөгнөрлөө задалж, түгжрэлээ бууруулах юм уу, нийтийн тээврийн цоо шинэ хэрэгсэл нэвтрүүлэх юм уу, үгүй юу. Монголын талаас оролцох хүний нөөц, хүчин чадалд эргэлзэж байна. Гэлээ гээд яах юм бэ. Ийм шалтгаанаар ухраад байвал дараа нь Ардчилсан нам гарч ирээд хийх юм уу.

-Д.СУМЪЯАБАЗАР, Б.ЭНХБАЯР, Ж.СҮХБААТАР НАР АВЛИГА АВАХ ГЭЭД БАЙГАА БОЛ ОДООНООС ХЯНАЧИХ Л ДАА-


-Түгжрэлийн асуудлыг шийдье гээд хөндөж байгаа нь зөв боловч 2024 оны сонгуулиас өмнө дуусгах гээд хэт улайрч байна. ТЭЗҮ-ийг 45-хан хоногт багтаан дуусгасан нь тендерт компаниудаа шахах гэсэн хэт улайрал?

-Хардах нь зөв. Мэдээж ТЭЗҮ-ийг юу гэж 45 хоногийн дотор боловсруулчихав дээ. 50 гаруй хүн бүтэн жил ажилласан. Олимпын үеэрх Ерөнхий сайдын айлчлалын улмаас үйл явц түргэссэн. Дээрээс нь төсвийн тодотгол орж ирээд Засгийн газар баталгаа гаргах жаахан зай гарчихлаа. Ингээд боломж байна гэдэг нь харагдсан.

Нөгөө талаар бид 2024 онд шинэ дэвшил гаргана гээд амлачихсан улсууд. Үүндээ баригдаж байгаа нь үнэн. Шахаа гэж яригдаад байгаа тухайд ярихад, өмнө нь ямар ч төсөл одоогийнх шиг өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг өрнөж байсангүй. Үүнийг дэмжсэнээрээ Д.Сумъяабазар, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар авлига авах гээд байгаа бол одооноос тэгээд хяначих л даа. Тэглээ ч Монголын компаниуд ерөнхий биш туслан гүйцэтгэгчээр орно. Ийм том төсөл дээр туслан гүйцэтгэгчээр орсон компаниуд арай ч юм авч чаддаггүй байх гэж бодож байна. Тэглээ ч үүнийг хоёр улсын Засгийн газар хооронд ярьж байгаад хийнэ шүү дээ. Хэрэв үүн дээр хардаж байгаа бол мань мэтийг биш Засгийн газраа, Ерөнхий сайдаа харлаж байна л гэсэн үг.

Төрийн ажил хийж явснаас ийм том төсөл ярьж, оролцож явсангүй. Хотын мафи газрын мафитай хамгийн түрүүлж тулсан хүн би. Мафи байна гэдгийг арван жилийн өмнө зарлаж байлаа. Тэд хүзүү сээрээ холбоод, хэлхэлдээд 100 татаад явж байхад би ганцаараа тэмцээд ад болж явсан. Зарим хүмүүс миний өмнөөс харамссан нь саяхных. Намайг шүүмжлээд байгаа хүмүүс Монголын авлигын үүр уурхай дээр ажиллаж байсан хүмүүс.

-МАН хөнгөн галт тэрэг төсөл хэрэгжүүлж чадахгүй, метро шиг замхруулбал яах бол?

-Нийгэмд олон төслүүд бүтэлгүйтээд байгаа учраас “Одоо нэг хэсэгтээ болъё” гэдэг уур амьсгалтай байгаа нь харагдаж байна. Энэ төсөл зогслоо гэхэд бүр итгэл алдарна. Бүх шатанд засаглалаа тогтоочихсон манай нам тодорхой хэмжээнд мохолтод орно. Бодлого, эрч хүчийн хувьд саарна. Тиймээс ийм их хүч хуримтлуулсан нам энэ том төслийг хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Бид том эргэлт гаргасан шийдэлд хүрэхгүйгээр 2024 онд амжилт гаргахад хүнд. Цаашлаад “МАН томоохон төсөл хэрэгжүүлэх чадваргүй” гэдэг яриа гарна.

-НАДАД ХУВИЙН ӨЧҮҮХЭН ТӨДИЙ Ч ЭРХ АШИГ БАЙХГҮЙ-


-Бид шүүмжлэлээс айх хэрэггүй. Үзээд алд. Зүгээр л хийх гэж зүтгэ гэж энэ их эрх мэдлийг өгсөн юм шүү дээ. Одоо гараад байгаа шүүмжлэлүүд буруу биш. “Та бүхэн итгэл алдаад байна. Төслүүд чинь удаа дараа бүтэлгүйтээд байна. Авлига их авдаг” гэх шүүмжлэлүүдийг бид хэвийн үзэгдэл гэж хүлээж авах ёстой. Нэгэнт л хулгай хийхгүй авлига авахгүй бол юунаас айх гэж. Үүнд надад хувийн өчүүхэн төдий ч ашиг сонирхол байхгүй. Галзуу солиотой биш л бол зүгээр сууж байсан нь дээр шүү дээ. Үүнийг гацаах сонирхолтой хүмүүс улсын өр ярьж айлгаж байгаа юм. Гэтэл өрийг мань мэт тавиагүй шүү дээ. 2020 онд гарч ирсэн хүмүүс энэ ажлыг зоригтой хийх гэж байна.

-Шүүмжлээд байгаа хүмүүсийн тухайд?

-Санхүү төсвийн эрх мэдэлтэй газар авлига үүрлэсэн байдаг. Үүнийг шүүмжлээд байгаа хүмүүс надаас илүү тэмцэгч, шударга хууль сахиулагч болж жүжиглэж байна. Зүгээр л инээдэм. Би авлигач, хулгайч нартай тэмцээд бодит амьдралаараа хохирч явсан үүх түүхтэй. Хууль тогтоогчийн хувьд шийдвэр дээр нь дэмжээд өгөөч ээ гэж байгаа болохоор би хийх гээд байгаа юм. Үнэхээр болохгүй гэж байгаа бол надад улайраад байх зүйл алга. Мөнгө хараад чичирч байна гэжээ. Мөнгө хардаг, чичирдэг хүмүүсийн үйл ажиллагаа, үг хэл үргэлж далд нууц хэлбэрт байдаг.

-Ажлын хэсэг байгуулсан шүү дээ.

-Тэгсэн. Бүлэг маань ойлголцоод явбал тэр. Дэмжихгүй энэ хэвээрээ байгаад байвал Улаанбаатарт цаашид том төсөл хэрэгжүүлэх зайгүй л болно гэсэн үг. Жил өнгөрөх тусам хийх өртөг өндөрсөнө. Өнөөдөр ийм үнэтэй байсан зүйл нөгөөдөр бүр нэмэгдэнэ шүү дээ. Энэ мэтчилэн олон зүйлсийг урьдчилж харж тооцоолоод сууж байна. Би уг нь олон зүйл рүү орж үсчээд байдаггүй. Харин өөрийнхөө зөв гэж бодсон зүйлдээ хатуу итгэл үнэмшлээр ханддаг. Мөнгө харсан хүн чичирч байна гэдэг нь нэг ёсондоо ёжилж байгаа хэлбэр байх л даа.