2022.04.29

С.Одонтуяа: Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад хүний ажил, орлогыг хаах нь буруу

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хэмнэлтийн тухай хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Цэцэрлэгийг нэмснээр иргэд ажил, орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

Эрүүл мэндийн салбарын төсвийг яагаад ихээр хасав. Өнөөдөр монголчуудын эрүүл мэндийн асуудал сайнгүй байна. Сүрьеэгийн өвчлөлөөр дэлхийд дээгүүр жагсаж байна. Гэтэл төсвийг нь таначихсан. Мөн Хүрээ амаржих газрын барилгын төсөл, ЭХЭМҮТ-ийн хамаг төсвийг хасжээ. Нөхөн үржихүйн поликлиник, Хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төвийн төсвийг тусгаагүй байгаа нь буруу юм.

Төрийн өмчийн 40 их наядын хөрөнгөтэй компаниудаас хөрөнгийг нь зараад эдгээр асуудлаа шийдэж болдогггүй юм уу? Орон тоотой хэт их зууралдах нь буруу. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед хүний ажил, орлогыг хаах нь өрөөсгөл юм аа. Үүний оронд төрийн өмчит компаниудын эд хөрөнгө, илүү зардлыг хассан нь үр дүнтэй.

Нээлттэй хувьцаа гаргаж, ордуудаа зарах боломжтой гэдгийг бусад гишүүн ч хэлж байгаа. Энэ мэт боломжуудаа харчихвал эрүүл мэндийн зардлуудаа танах шаардлагагүй байсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn