“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдана
2022.04.20

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдана

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн 7 дахь удаагийн тэмцээнийг тавдугаар сарын 28-нд зохион байгуулахаар Ажлын хэсэг хуралдаж, бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын нэг амралтын өдрийг “Автомашингүй өдөр” болгож “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион явуулдаг уламжлалтай.

“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 30 мянга, 2019 онд 32 мянга гаруй иргэн хамрагдсан юм. Нийслэлчүүдээс гадна орон нутаг, гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид ч өргөнөөр оролцох болжээ.

Мөн сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж бүртгүүлэн оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсч буйн нэг тод жишээ юм.

Та бүхнийг энэхүү өдрийг спортоор хичээллэн гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд нэгдэхийг уриалж байна.