2022.04.05

Монголын дугуйчид түүхэн амжилтаа шинэчиллээ

Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо 2022 оны засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах 41 дэх удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн ААШТ дэлхий нийтийг хамарсан цар тахлын хорио цээрийн улмаас хоёр жил завсарласны эцэст зохион байгуулагдаж буй тивийн түвшний тэмцээн гэх утгаараа ихээхэн хүлээлттэй байсан юм. Тэр ч утгаараа шигшээ багуудын тамирчдын хоёр жилийн бэлтгэлжилтийг шалгасан томоохон сорилт болсон байна.

Монгол Улсын шигшээ багийн хувьд ААШТ-нд 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж түүхэн амжилтаа шинэчилсэн юм.

УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг "Монголын дугуйн шигшээ баг Парис 2024 олимпийн эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнүүдэд ийнхүү амжилттай оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар зуны олимпод оролцох нэг эрхийг Монголын баг халааслаад байгаа билээ" хэмээв .