"Далимдуулж барааны үнийг нэмж буй газруудыг шалгах, иргэдийн зээлийн хүү, татварыг бууруулахыг шаардаж байна"
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/ болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
"Валютын урсгалыг хэт гадагшлуулсан тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнээс татгалзахыг урилъя"
МҮЭХ-ны төлөөлөл "Зах зээл дэх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын мөн үетэй харьцуулсан судалгаа хийхэд зөвхөн цагаан будаа гэхэд 130 хувиар өсжээ.
Тодруулбал, өмнө жил 1 кг нь 3,000 төгрөгийн үнэтэй цагаан будаа өнөөдөр 6,900 гаруй төгрөг болсон байна. Мөн 2,800 байсан шар будаа 5,000-д хүрсэн буюу 78.6 хувиар өсжээ. Доллар гэхэд л сүүлийн 14 хоногийн дотор 2,850-3,200-д хүрлээ.
Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэхгүй байхад зарим бараа бүтээгдэхүүнийх нь үнэ 2-3 дахин өссөнийг дээрх судалгаанаас харж болно. Иймд бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж, инфляцын түвшинд бууруулахад бүхий л шаардлагатай арга хэмжээг авахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
Ингэхдээ
- Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас тодорхой үр дүн гаргах ёстой,
- Эх оронч худалдан авалтыг дэмжих,
- Зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын хэмжээг бууруулах, тэглэх,
- Бага болон дунд орлоготой иргэдийг хувь хүний орлогын албан татвараас хөнгөлөх,
- Арилжааны банкны хүүг бууруулах зэрэг зүйлийг авч хэрэгжүүлэх нь цаг үеэ олсон арга хэмжээ болно.
Мөн энэ үед тансаг зэрэглэлийн зүйлээс татгалзахыг иргэдэд уриалж байна. Ийм цаг үед тансаг зэрэглэлийн автомашин зэргийг худалдан авах нь төдийлөн зөв сонголт биш гэдгийг хэлмээр байна" гэлээ.
"20,000 гаруй ААН сул зогсох эрсдэл үүслээ"
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны газрын дарга Э.Энхжаргал “Үнийн өсөлт жижиг дунд үйлдвэрүүдэд маш хүндрээр тусаж байна.
Цар тахлын нөлөөгөөр удаан хугацаанд сул зогссон ААН-үүд одоо арайхийн үргэлжлүүлэх гэтэл үнийн өсөлтийн дарамтаас шалтгаалж ажиллах боломж нь хаагдаж байна.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн 10 хүнийг ажлаар хангадаг ЖДҮ, тэр тусмаа орон нутгийн жижиг дунд үйлдвэрийн 30 хувь буюу 20,000 гаруй ААН сул зогсолтод орох нөхцөл үүслээ. Энэ нь цаашлаад орон нутагт төсөв тасалдах, ажилгүйдэл нэмэгдэх, иргэдийн амьжиргааны түвшин буурах зэрэг хүндрэл гарах эрсдэл бий болгоно.
ААН, ЖДҮ цалингаа тавьж чадахгүйгээс болж сул зогсолт хийж, банк санхүүгийн байгууллагаас авсан зээл, татвар, нийгмийн даатгалаа төлөхөд хүндрэл үүсэх асуудал тулгараад байна” хэмээн ярив.
"Өртгийг хэт нэмж байгаа газруудад хяналт шалгалт хийх ёстой"
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоногоор нэмэгдэж байна. Нэг талаар суурь үнэ нь нэмэгдсэн гэж байгаа боловч үүнийг далимдуулж үнийг хөөрөгдүүлж байгаа асуудал бий. Уг нь ийм үед ААН-үүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өндөр ашиг хийнэ гэхээ больж, хэрэглэгч, ард иргэдээ бодох хэрэгтэй.
Нөгөө талаар хил гаалиар ямар бараа бүтээгдэхүүнийг эхний ээлжид оруулж ирэх асуудал сөхөгдөнө. Тодруулбал, валютын урсгалыг хэт их гадагшлуулсан тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнүүдийн худалдан авалтыг түр хойш тавих боломж бий гэж харж байна.
Мөн ийм үед иргэдийн цалин хөлс, орлогыг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх, хүн амын орлогын онцгой албан татварын тодорхой бага дунд орлоготой иргэдэд бууруулах, тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх санал гаргаж байгаа.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тодорхой үнийн зохицуулалт хийх, иргэдийн цалингийн зээлийн хүү, татварыг бууруулахыг шаардаж байна.
Хэрэв энэ байдлаараа үнэ өссөөр байвал үйлдвэрчний эвлэлийн шат шатны байгууллага тэмцлийн дараагийн арга хэмжээг авахаас өөр аргагүй.
Томоохон бизнес эрхлэгчид ийм үед зовлон далимдуулж битгий хэт ашиг хийгээч. Хил гаалиар орж ирсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэт нэмдэг асуудал томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд ч бий. Өртгийг хэт нэмж байгаа газруудад хяналт шалгалт хийх ёстой. Бид одоо инфляцыг 20 хувь руу нь тавьчихвал эргээд маш их хохирол амсана” гэлээ.