Б.Цэнгэл: Хөтөлийн үйлдвэрийг төрийн хамгаалалтад авч, бүх өрөөг лацадсан
2022.03.28

Б.Цэнгэл: Хөтөлийн үйлдвэрийг төрийн хамгаалалтад авч, бүх өрөөг лацадсан

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн захирлын түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар болон ТӨБЗГ-ын удирдлагууд үйлдвэрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Засгийн газрын шийдвэрийг гүйцэтгэхийг тус үйлдвэрийн одоогийн удирдлагуудаас шаардаж, хоёр цагийн хугацаа олгосон. Гэвч хоёр цагийн дараа тус үйлдвэрийн удирдлагууд татгалзсан хэвээр байгаагаа илэрхийлсэн учир үйлдвэрийг төрийн хамгаалалтад авч, бүх өрөөг лацдахаар болсноо мэдэгдлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Б.Цэнгэл: Бид тус үйлдвэрийн удирдлагуудтай дахин уулзаж ярилцсан боловч удаа дараа Засгийн шийдвэрийг биелүүлж тамга тэмдгээ хүлээлгэж өгөхөөс татгалзсан хариу өглөө. Ийм нөхцөл байдал үүссэн учир Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэгэнт өмч хувьчлал цуцлагдаж, төрийн мэдэлд буцаж ирж байгаа учир бид энэ өмч хөрөнгийг төрийн хамгаалалтад авч, бүх өрөөг лацадлаа.

Ирэх даваа гаригаас үйл ажиллагааг нь эхлүүлэх болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн түр орлон гүйцэтгэгч захирлаар Л.Наранбаатар томилогдсон. Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна.


Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн захирлын түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар: Дор хаяж 150 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байж болох энэ шохойн ордыг энэ нөхдүүд үнэгүй авсан. Тэгээд ашигтай ажиллуулсан зүйл алга. Төр өмчөө мэднэ. Ард түмэн өмчөө мэднэ. Энэ нөхдүүд өнөөдөр хувийн хэвшлийн объектод орж ирж, дээрэм хийж байна гэж буруу ойлголт төрүүлж байна. Энэ бол буруу. Хувьчлах үед энэ байр төрийн өмчид байсан. Төр өөрийн гэр оронд өөрсдөө ажиллах эрхтэй. Яахаараа ард түмний баялгийг хулгай, луйвраар үнэгүйдүүлж авчихаад өнөөдөр төрийн төлөөллийг өөрийнх нь гэр орноос хөөж болдог юм. Арай дэндүү даварч байна. Одоо төрийн менежментээ хэрэгжүүлнэ. Энэ компанийг төр өөрийн мэдэлд авч, нээлттэй иргэдийн хяналттай хувьцаат компани болгоно.


"Хөтөл цемент шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чинбат: Ажлын цаг тарж байна. Иймд бид явлаа. Дотор төрийн өмчийн хорооныхон байгаа. Яах гэж байгааг би сайн ойлгосонгүй. Дотор маш их хууль ярьж байна. Гэвч энэ угаасаа хууль бус үйлдэл. Дээрэм хийж байна. Энэ бол хувийн өмч. Нөхдүүд хувьчлалыг хүчингүй болгосон гэж амаараа л хэлж байна. Гэвч яг шүүхийн шийдвэрийг бичгээр үзүүлэхгүй байна. Манай зүгээс ганцхан шаардлага тавьж байгаа. Нэгэнт байдал ийм болсноос үүнээс хойш бүх зүйл хууль ёсны дагуу байх ёстой гэлээ.