МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хэнтий аймагт ажиллалаа
Өнөөдөр (2022.03.24)-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат-аар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэгт МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Оюун нар ажиллаж байгаа юм.
Энэ үеэр Хэнтий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны анхан шатны хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудтай уулзаж МҮЭ-ийн холбоо, МБШУ-ны ҮЭ-ийн холбоо, МЭМАҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын тухай мэдээлэл өгч, гишүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.
ҮЭ-ийн гишүүдийн зүгээс эрүүл мэндийн салбараас бусад төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулан асуулт асуув. Тухайлбал, энэхүү тогтоолоор зарим ажилтнуудын цалинг нэмэгдүүлээгүй мөн дутуу олгож байгаа асуудалд МҮЭ-ийн холбооноос ямар арга хэмжээ авч ажиллахыг тодрууллаа.
МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцооны хүрээнд багш ажилтнуудын цалингийн доод хэмжээг гуравдугаар сарын 1-нээс эхлэн Засгийн Газрын 107 дугаар тогтоолоор тухайн сүлжээний тавдугаар шатлалаар бүх ажилтан ижил цалин хөлстэй болсон. Ингэснээр шинэ залуу багш нарын цалин нэмэгдэж цалин хөлсний нэмэгдсэн сүлжээнээс улирлын үр дүнгийн урамшууллыг бүрэн олгохоор болсон зэрэг холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй өгөв.
Харин МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооны зүгээс ТҮ1-3 дугаар шатлалаар цалинждаг ажилтнуудын асуудлыг шийдэгдэх хүртэл УИХ, Засгийн газарт санал шаардлага хүргүүлэн шийдвэрлэгдэх хүртэлх арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.