Ус цаг уур, орчны шинжилгээний төвийнхөнтэй уулзалт зохион байгуулав
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олонтой уулзалт хийж, улс орны нөхцөл байдал, эдийн засаг, УИХ-ын үйл ажиллагаа, тойргоос сонгогдсон гишүүдийн ажлын талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.
Шинэ оны босгон дээр Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газруудын нэгдсэн конторын барилга улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон. Конторын барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, 2600 орчим метр квадрат талбайтай. Үүний 3, 4-р давхарт УЦУОША, цаг уурын лабораторийн үйл ажиллагааг явуулж байна.
УЦУОШТ-ийн дарга Б.Хэрлэнчимэг “Шинэ конторын барилгатай болсноор тохижилт хийж буйг уламжилж, сургалтын танхимын тохижилтод дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Үүнчлэн 1997 онд батлагдсан Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг онцлов. Ахмадуудын шагнал урамшууллын асуудал, хүний нөөцийн бодлогодоо анхаарч ажилтнуудаа мэргэшүүлэх сургалтад хамруулах, аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хүргэсэн талаар тэрээр мөн дурдлаа.
Уулзалтын дараа УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УЦУОШТ-ийн үүх түүхийг харуулсан танхим, архивтай танилцаж, байгууллага хамт олноос хүссэн санал хүсэлтүүдийг судалж, шийдвэрлэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.
Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь улсдаа үйл ажиллагаагаараа тогтмол тэргүүн дэд, байруудад шалгарч ирсэн, Хэнтий аймгийн тэргүүний байгууллага, хамт олны нэг юм. Зөвхөн өнгөрсөн жилийн амжилтаараа салбартаа гуравдугаар байрт, Хэрлэнбаян-Улааны өртөө Тэргүүний өртөөгөөр, Хэрлэн бороо экспедицийг 2021 оны Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедицээр, Хэрлэн Өндөрхаан усны харуулыг тэргүүний ус судлалын харуулаар шалгаруулсан байдаг.