2022.03.18

С.Одонтуяа: Газар бол улс орны аюулгүй байдал, эдийн засагтай нягт уялдсан чухал асуудал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.18\ нэгдсэн хуралдаанаар  Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцах болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Газар бол улс орны аюулгүй байдал, эдийн засгийн болоод нийгмийн хөгжилтэй нягт уялдсан чухал асуудал. Нөгөөтэйгүүр бид газрын асуудалд маш болгоомжтой ханддаг. Бид зөв менежмент явуулбал энэ нь иргэдийн боломжийг нээж өгдөг асуудал. 2013 онд Ардчилсан намын засгийн газрын үед маш чухал том шинэтгэлийг эхлүүлж байсан. Энэ нь газрын мэдээллийн санг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх төсөл байсан. Мөн үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц бий болгох цогц төсөл эхэлсэн. Гуравт хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй бүх зүйлийг тоон зураглалын технологи ашиглаад бүртгэлжүүлэх тогтолцоо гэсэн чухал гурван асуудал 2013 онд эхэлж байсан. Газрын асуудалтай холбоотойгоор дараах асуултуудад хариулт авахыг хүсч байна.

Нэгдүгээрт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн дунд бэлчээр, худаг ус, өвөлжөө хаваржаанаасаа болоод хоорондоо зөрчилдөх, буу барьж тэмцэлдэх хүртэл асуудлууд гарсан. Тэгэхээр энэ талаар хуулийн ямар нэгэн шинэчлэлүүд хийгдэх үү? Энэ асуудлыг зохицуулах зарчмын тодорхой өөрчлөлтүүд туссан уу?

Хоёрдугаарт иргэн бүрт 0.07 га газар өмчлүүлэх ажил байгаа. Энэ ажил яг одоогийн байдлаар хэдэн хувьтай явж байгаа вэ? Хуулийн хугацаа нь дууссан байгаа юу? Нэг талаасаа иргэд 0.07 га газраа авахад маш хүндрэлтэй байгаа. Учир нь дандаа дэд бүтэцгүй газар байдаг. Гэтэл том том компаниуд нь Яармаг, Тэрэлж гэх мэт газар 10 га, 50 га, 300 га гэх мэтээр авчихсан байдаг. Энэ асуудал ямар учиртай талаар тодорхой хариулт өгнө үү.

Гуравдугаарт нийтийн эдэлбэр газраас хумслах байдалд иргэд маш бухимдалтай ханддаг. Жишээлбэл иргэдийн орон сууцны гадаа, хүүхдийн цэцэрлэгийн хашаанд барилга барих тохиолдлууд гардаг. Энэ асуудалд тодорхой хуулийн асуудлыг чангатгах, зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

Дөрөвдүгээрт нөхөн сэргээлтийн асуудалд газрын доройтолд орсон хэдий хэмжээний газрыг нөхөн сэргээж байгаа вэ?

Түүний асуултад БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар хариуллаа.