Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж тэргүүтэй аймгийн удирдлагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, байгалийн цогцолборт газар, дархан цаазат газар, сав газрын захиргаад, цаг уур орчны шинжилгээний байгууллага, байгаль орчны мэргэжилтнүүд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд салбарын яамнаас барьж буй бодлого, үйл ажиллагаа, төлөвлөж буй ажлаа танилцуулаад тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлийн байгууллагуудын санал, хүсэлтийг сонслоо.
Тус аймгийн БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх аймагт уул уурхайн нөлөөллийн улмаас хөрсний элэгдэл, газрын доройтол нэмэгдэж байгааг онцоллоо. Мөн цөлжилтийн эсрэг шат дараатайгаар хөв цөөрөм хийж байгааг дурдаж, 2003 оноос хойш Өмнөговь аймагт 2.6 сая мод тарьж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулж байгаа аж.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Тус аймгийн ИТХ-ын шийдвэрээрр мод тарьж ургуулсан иргэд, аж ахуйн нэгжийг урамшуулахаар болсон байна. Түүнчлэн биологийн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүлсэн гэх мэт ажлуудыг хийж эхэлжээ. Үүнээс гадна “Зэрлэг амьтны парк” байгуулахаар төлөвлөж гурван газар сонгоод буй талаар танилцууллаа. Мөн Өмнөговь аймаг саарал усыг ашиглах асуудлаар жишиг аймаг болохоор зорьж байгаа гэнэ.
Өмнөговь аймгийн сум дундын ойн ангийн хувьд Монголдоо хамгийн олон буюу 96 ажилтантай бөгөөд үүнээс 30 хувь нь төрийн албан хаагч. Тус сум дундын ойн ангийн дарга Б.Бурмаа танилцуулгадаа “Говь хээрийн нөхцөлд ургах боломжтой мод, бутыг манайх хамгийн ихээр ургуулж байгаа боловч гол асуудал нь мэргэжлийн боловсон хүчин ховор байна” хэмээлээ.
Түүнчлэн мод үржүүлэгтэй холбоотой асуудлыг 40 хүртэл хувь механикжуулах шаардлагатай байгааг онцолж, энэ хүрээнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Уулзалтын үеэр “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Түмэндэлгэр “Өмнөговь аймаг аялал жуулчлалын салбар хийгээд тусгай хамгаалалттай газар нутагтаа хамгийн их хөрөнгө оруулдаг. Манай холбоо 2008 онд байгуулагдсан. Бид БОАЖГ-тайгаа хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн. Гэхдээ Засаг дарга нарын аялал жуулчлалын зориулалтаар өгч байгаа газрыг анхаармаар байна. Хэт ойртуулж өгснөөс болоод асуудал үүсдэг. Тийм болохоор энэ асуудал дээр хяналт, шалгалт хийж өгөх, мөн менежментийн төлөвлөгөөг заавал сум, орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагын оролцоотой хийж байх хэрэгтэй байна” гэв.